Монгол дахь хэлмэгдүүлэлтийн урт цуурай

By: Admin
2024-04-29
0
148

Хөрш улсын /нэрээ дурьдаагүй/ нэгэн сэтгүүлчийн бичсэн Монгол дахь улс төрийн амьдралын тодорхой асуудлыг хөндсөн нийтлэлийг орчуулан хүргэж байна.   Сэтгүүлч уг нийтлэлийнхээ оршилд үгүүлэхдээ “Энэхүү нийтлэлийг тэрлэх болсны учир нь Солонгосын Гванжу хотод Монгол Улсын нэгэн албаны эрхэм Азийн соёлын төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан тухай цахим сүлжээгээр тархсан мэдээллээс үүдэлтэй бөгөөд эртний нүүдэлчдийн нутагт тохиолдсон хүнд хэцүү үйл явдлын давтамж  орчин үед анзаарагдаж байгааг дурьдахыг хичээсэн болно” гэжээ. 

Оршилд үгүүлсэн баримт бичигт Монгол Улсын Цагаатгалын комисс болон Азийн соёлын төв (АСК) хооронд нягт хамтран ажиллахаар тусгасан бөгөөд БХАТИХ-ын дарга, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Салдангийн Одонтуяа, АСХ-ны ерөнхийлөгч Ли Кан Хён нар гарын үсэг зурсан байдаг.  Талууд “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн сөрөг үр дагаварыг арилгах, ард түмнийг соён гэгээрүүлэх, мөн дайны үед сүйрсэн Данзанравжаагийн соёлын өвийг илрүүлэх чиглэлээр сайн туршлага солилцохын тулд хамтран ажиллахаар тохиролцжээ. Данзанравжаагийн өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг. Өнгөрсөн зууны гучаад онд явагдсан хэлмэгдүүлэлтийн хомрогонд  хохирсон гэм зэмгүй хүмүүсийг дурсаж,  уг хэлмэгдүүлэлт Монголын ард түмний оюун санаа, соёлын үнэт зүйл,  биет болон биет бус өвд ямар их хохирол учруулсныг, тэрчлэн  хэлмэгдүүлэлтийн сүүдэр Монгол, Хятад, Орос улсуудыг мөр ялгалгүй дайрсан хийгээд энэ хүнд хэцүү цаг үеийг бид бүгд мартах учиргүй гэдгийг энд тэмдэглэхийг хүснэ.  

Гарын үсэг зурах үйл ажиллагааны тухай мэдээллээс эшлэвэл “Монгол Улсын Хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисс Говийн V ноён хутагт Данзанравжаагийн (19-р зууны) соёлын өвийг түүнтэй холбоотой бусад өвийн хамт бүртгэх санаачлага гаргаж, ЮНЕСКО-гийн баримтат материалын ангилалд дэлхийн өвөөр бүртгэснийг онцлов. Мөн 1921-1939 онд Монгол Улсад хэлмэгдүүлэлтийн үйл явц эрчимтэй үргэлжилж, олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг сүйтгэж, ёс суртахууны болон оюун санаа, эд материалын гүн хохирол хохирол учруулсан явдал үр хүүхэд, хойч үед нь ч сүүдрээ тусгасан” гэж  Монгол Улсын Их Хурлын дэд дарга онцлон тэмдэглээд ЮНЕСКО-той хамтран ажиллах нь улс хоорондын харилцаанд чухал ач холбогдолтойг дурьдав” гэсэн байна. Гэхдээ барууны талыг баримтлагч хэвлэл мэдээллүүдэд энэ сэдвээр нийтлэхдээ жинхэнэ зорилго, учир холбогдлыг гуйвуулан, социализмын эсрэг, Оросын эсрэг суртал ухуулга болгодог гэмтэй. Тухайлбал “манай хойд хөршийн коммунист дэглэм” 1921-1991 оныг хүртэлх бүх хугацаанд 30 шахам мянган хүнийг хэлмэгдүүлэх ажлыг зохион байгуулсан” хэмээн гүтгэх жишээтэй. “Аливаа хэлмэгдүүлэлтийн хомрогонд соёлын салбар өртөж, соёлын өв устаж, устаж үгүй болоход хүрдэг нь хүн төрөлхтний түүхэн үйл явдлаас түгээмэл ажиглагддаг.   АНУ-ын Луизианагийн их сургуулийн профессор Кевин В.Мулкахи Иллинойсын их сургуулиас эрхлэн гаргадаг “Ёс суртахууны боловсрол” сэтгүүлд 1984 онд хэвлэгдсэн “Албан ёсны соёл -Соёлын салбар дахь  хэлмэгдүүлэлт: Дмитрий Шостаковичийн хэргийн жишээн дээр” гэсэн үгүүлэлдээ соёлын салбарын хэлмэгдүүлэлтийн асуудлыг анх удаа ул суурьтай хөндсөн байдаг. 

Одоо харин мөнөөх үйл ажиллагааг сэтгүүлчид хэрхэн мэдээлсэн тухай сэдэв рүүгээ ороё.  "БНАСАУ ардчиллыг сурталчлах талаар АХХ-ны туршлагаас маш их зүйлийг сурч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд хүний эрх, ардчилал, энх тайвныг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажил, үйл ажиллагаа явуулах,  цаашид хүний эрхийг ямар ч хэлбэрээр зөрчих, хэлмэгдүүлэхгүй байх, нийгэм, улс төрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байна" гэлээ гэх мэтээр энэ тухай мэдээллүүд хөврөх боловч, тэдгээр нь Монголын уншигч, хэрэглэгчдийн сонирхлыг татахаа нэгэнт больсон гэдгийг дурьдахад илүүдэхгүй байх. Учир нь энэ бүх бужигнаантай үйл ажиллагааны цаад учир нь тэдэнд ойлгомжтой байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. 

Гэмгүй хэлмэгдэгсдийн дурсгалыг сэргээхийн зэрэгцээ "соёлын хэлмэгдүүлэлт"-ийн асуудлыг ЮНЕСКО-д таниулах, мөн БНАСАУ-д сурталчлах нь хамтын ажиллагааны гол зорилго бөгөөд БНАСАУ-ийн хүсэл зоригтой нийцэж буй гэдгийг хэд хэдэн сэтгүүлч нийтлэлдээ онцолжээ. Тэгэхдээ хэлмэгдүүлэлтийн улмаас “Монголд учирсан хохирлыг эд материалын болон ёс суртахууны хувьд цаашид хариуцах ёстой эзэн нь ЗСБНХУ, түүнчлэн ОХУ-ын хууль ёсны өв залгамжлагч”   гэсэн хандлагатай байгаа нь ажиглагдана.  “Монголд соёлын асар их өв устаж, үндэсний бичгээ орхин, харь гаралтай цагаан толгойгоор солисон ч одоо болтол энэ бүхнийг  “соёлын хэлмэгдүүлэлт”, “төрийн гэмт хэрэг” гэж үзэхгүй байна” гэж байгаагаас энэ нь тодорхой харагдана.   Дашрамд БНМАУ-ын оюун санааны удирдагчид хэрхэн ямар зовлон туулж байсныг мөн санах нь чухал биз.

 Гэвч онцлон санавал зохих зүйл бий. Энэ юу гэвэл БНМАУ-ын он жилүүдэд худам Монгол бичгээрээ уран бичлэг бичих зэрэг нь тус улсад алга болчихоогүй байсан бөгөөд залуу бүгд найрамдах улсын эхний жилүүдэд бичиг үсэгт тайлагдагсадын тоо хүн амын гурван хувиас хэтрэхгүй байлаа. Үндэсний эдийн засгийг сайжруулахын тулд янз бүрийн салбарын мэргэжилтнүүд хэрэгтэй байв. Шинээр гарч ирж буй сэхээтнүүдийн бүлэгт бүхэлд нь хуучин монгол үсэг бичгийг зааж сургана гэхэд багшлах боловсон хүчний хүрэлцээ болон нөхцөл боломжууд хангалтгүй, түүнээс гадна хятадын харъяанд орсон Монголчууд мөн энэ бичгийг хэрэглэдэг байсан, хятадууд Монголчуудыг өөрийн бичиг үсэг рүү шилжүүлэх сонирхолтой байсан зэргээс болж крилл цагаан толгойг зохион хэрэглэх зайлшгүй сонголт тулгарсан билээ.

Ингэснээр  Монголын ардын цэргийн бүрэлдэхүүнийг үүсгэх, нүүдэлчин хэвшилт цэрэг эрсийг 20-р зууны бага оврын зэвсгийн хэрэглээнд сургах, цэргийн команд штабыг бүрдүүлэхэд ихээхэн тус дөхөм үзүүлсэн байдаг. Тэр үед Монголын хятадтай хиллэх хэсэг болон зүүн Хятадын хил орчмын газрыг Японы милитаристууд захирч байсныг мартаж болохгүй. Зөвлөлт, Монголын цэргийн хамтарсан чадварлаг үйл ажиллагааны үр дүнд Хасан нуур (1938), Халхын гол (1939) дахь Японы цэргийн түрэмгийллийг таслан зогсоосон. Сүүлийн үед үүнийг мартагнах, хандлагыг нөхцөлдүүлж буй хүчин зүйлс бийг ч энд дурьдах хэрэгтэй.  

Мэдээллээс дахин эшлэвэл "1937 оны 10-р сарын 20-ний өдөр баривчлагдсан хүмүүсийн хэргийг шүүхээс гадуур хянан шийдвэрлэх (ЗХУ-ын "гурвал"-тай адил) онц бүрэн эрхт комисс байгуулагдаж, түүнийг Х.Чойбалсан удирдах болов. Үүний дараахан БНМАУ-д лам нарыг бөөнөөр нь хэлмэгдүүлэх, Монголын сүм хийдүүдийг устгах, лам нарыг цаазлах ажиллагаа эхэлсэн. 1926 оны хуулиар Монгол дахь Буддын шашны төв хэмээн тунхагласан Гандантэгчэнлин дацангийн үйл ажиллагааг 1938 онд хаасан” гэжээ. Тэгвэл Монголд болсон хэлмэгдүүлэлтүүдийг хэн удирдсан бэ? Энд нэгэн няцаашгүй түүхэн баримтыг дурдъя. 1944 онд Дэлхийн 2-р дайны үеэр Японы Квантуны арми Монголын хил орчимд заналхийлсэн хэвээр байсан бөгөөд мөн энэ үед Иосиф Сталин Х.Чойбалсанд хандан Буддын шашны хийдийг сэргээн засварлаж эхлэхийг, зөвлөсөн бөгөөд тэдгээр нь  дэлхийд байхгүй, Монголын онцлог бүхий эртний дурсгал гэдгийг онцлосон байдаг. 1940-өөд оны сүүлчээр ашиглагдахгүй байсан зарим сүм хийдийг төсвийн хөрөнгөөр сэргээн засварлаж, шашны зорилгоор биш ч гэсэн музей, соёлын дурсгалт газар болгох ажлууд хийгдэх болов. Ялангуяа Эрдэнэ-Зуу хийдийг онцлох ёстой бөгөөд Энэ музей-хийд нь 700 гаруй жилийн настай буддын шашны бурхад, төрөл бүрийн шашны барималуудын хамгийн баялаг цуглуулгатай хийгээд дундад зууны үеэс XXI дүгээр зуун хүртэлх үеийн нутгийн гар урчууд, уран барималчид, зураачид, ардын урчуудын бүтээл, гар урлалын чухал өв, сан хөмрөгийг агуулсан байдаг. Мөн хүрэл баримтал, басхүү үнэт металлаар хийсэн урлалууд, лам нарын өдөр тутмын амьдрал, шашны зан үйлд хэрэглэж байсан уламжлалт эд зүйлс, тэр дундаа ламын шашны цам харайх бүжиг ёслол  (урлагийн зүйл) үйлдэхэд хэрэглэдэг баг болон хувцас хэрэглэл зэргийг музейд дэлгэн үзүүлжээ. 2004 онд  “Орхон голын хөндийн соёлын ландшафт”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан бөгөөд гол дурсгал нь Эрдэнэ-Зуу хийд байв.

  Нэгэнт сүйрсэн зүйл хуучин байдлаараа сэтгээгдэх магадлал багатай. Тэгэхээр үгүүлж буй соёлын өвийн сүйрэл, устгал бол яах аргагүй харамсалтай зүйл.  Гэвч үүнтэй зэрэгцээд бас нэг харамсал гарч ирж магадгүй байгаа нь Монгол Улсаас АНУ болон барууны орнууд руу  соёлын үнэт зүйлсийг их хэмжээгээр, хууль бусаар гаргаж байсан нь бодитой асуудал болоод байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авч үзвэл. “Монгол Улсын соёлын өв” төрийн хөтөлбөрийн хүрээнд гадаадаас соёлын өвийг эргүүлэн татах цогц ажил шат дараатай хэрэгжиж байгаа юм байна. АНУ-ын Элчин сайдын яамнаас зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг тус улсад буцаан өгөхөөр болжээ. Эдгээр нь зөвхөн Монголын нутгаас л олддог, бараг бүрэн бүтэн байдлаараа хадгалагдсан ховор олдвор гэдгийг судлаачид онцлосон байна. Монгол Улсаас АНУ-д хууль бусаар гаргасан  палеонтологи, түүх соёлын үнэт зүйлсийг буцаан авах ажлыг 2012 оноос эхлүүлсэн. Анх 2013 онд үлэг гүрвэлийн үлдэгдлийг буцааж авчирч эхэлсэн бөгөөд энэ үйл ажиллагаа 2014, 2016, 2019 онуудад үргэлжлэв.

Тэгэхээр энэ юуг хэлээд байна вэ? Монголоос хэн соёлын болон эд материалын үнэт зүйлийг зувчуулан гаргав? гэдэг асуулт гарч ирнэ. Харин одоо Улаанбаатар хот өнгөрсөн зууны 30-аад оны Монголын ард түмний соёл, шашны өвийг устгасан, хадгалж үлдээсэн баримт бичгүүдийг ЮНЕСКО-гийн бүртгэлд оруулахад анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Тэгэхээр энэ хүрээнд музейн бүтэц болон холбогдох объектуудыг тодорхойлох, системчлэх, дараа нь бүртгэх баримт бичгийн бааз бүрдүүлэх ажлууд хийгдэнэ гэсэн үг. Үүнээс гадна Өмнөд Солонгосын АСС-д зохион байгуулагдах  нээлттэй үзэсгэлэнгийн хүрээнд “Монголын орчин үеийн түүх: Соёлын хэлмэгдүүлэлт, сүйрэл”  сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг АНУ, БНХАУ болон Зүүн өмнөд Азийн бусад орнуудад гаргахаар төлөвлөжээ.

Монгол дахь "барууныхныг аялдан дагалдагсдын"-ын санаагаар бол "БНМАУ-ын “социалист” өнгөрсөн үеийг гоочлох" нь Монголын хүн амын дунд төдийгүй Азийн ард түмний дунд өнгөрсөн үеээ доршаах "Ардчилсан гэрэлт ирээдүй" гэх халхавчтай сөрөг үзлийг бий болгоход чухал хэрэгтэй ажээ. Сүүлийн үед өрнөдийг аялдагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй иймэрхүү агуулга бүхий нийтлэл, нэвтрүүлгүүдийг нухацтай үнэлж дүгнэж үзвэл АНУ-ын зүгээс (гадаад бодлогын газар) “Оросын империализмын” гэгч өөрийн суртал ухуулгыг өрнүүлэн, улмаар Монголын нийгэмд өнгөрсөн үеэ үзэн ядах үзэлд дөрлүүлсэн үзэл суртлын “платформ”-ыг бий болгохыг санаархан оролдож байна гэдгийг Монголын сэтгүүлчид мэдэрч, ойлгож байгаа нь ч харагдаж байна. Өнгөрсөн зуунд Ази тивд нүүрлээд байсан аюулыг зайлуулж, Наран улсын түрэмгий арми, флотыг ялахад, дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулахад гол хүчин зүйл нь Зөвлөлт, Монголын ард түмний эв нэгдэл, тэсвэр тэвчээр, найрамдлын үзэл санаа байсан гэдгийг тэд (Монгол дахь барууныг дагалдагсад) мартдаг. Хоёр улсын үнэн бодит түүх, хөдлөшгүй баримтуудыг үнэгүйдүүлэн устгаж, урьдны түүхийг өөрийн үзэл суртлын үүднээс хувирган, төөрөгдүүлэлт үүсгэх нь дэлхийн улс төрийн амьдралд нөхөж баршгүй хор хөнөөл учруулж байгааг анхаарч, сэрэмжилвээс зохино.

battsetseg@montsame.gov.mn, https://centralasia.media/, https://montsame.mn/,https://vk.com/ дахь мэдээллүүдэд тулгуурлан бэлтгэжээ.

Орчуулсан Хиргис Го.ТӨРМӨНХ

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 1 =

Create Account



Log In Your Account