Нийтийн сонсголыг хянан ажигласан тухай нийтэд зориулсан толилуулга

By: Admin
2025-05-01
0
94

Редакцийн өгүүлэл

Манай сонины сэтгүүлч Г.Энхжаргалын бэлтгэн нийтлүүлж олон нийтэд хүргэсэн (Тус сонины 04/374 болон 07/377 дугааруудад, мөн www.mongolgarag.mn, www.newsmedia.mn сайтуудад тус тус нийтлэгдсэн) Жаргалант сумын Цамбагарав багт байх Саун халуун усны барилгыг цэцэрлэг болгохоор хууль зөрчиж гэрээ байгуулсан талаар бичсэн “Цэцэрлэг барих тендерийг ханцуйны наймаа болгосон уу?”, “Сауныг цэцэрлэг болгох төөрөгдүүлэлт” гэсэн гарчигтай эрэн сурвалжлах нийтлэлүүдийн мөрөөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Х.Лхамсүрэн нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргаж, улмаар Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нийтийн сонсгол зохион байгуулсан.  

NS1NS2

Аймгийн ИТХ-ын ажлын албаны цахим сайтад нийтлэгдсэн сонсголын тэмдэглэлд дурьдсанчлан уг сонсголд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4 төлөөлөгч, сонсголд зайлшгүй оролцуулах ёстой төрийн байгууллагуудын төлөөлөл болох 18 албан хаагч, мөн төрийн бус байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн, иргэдээс бүрдсэн 18 хүн бүгд 40 орчим оролцогч хамрагджээ.

Нийтийн сонсголын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно” гэж заасны дагуу уг сонсгол нээлттэй явагдсан нь мэдээж.

Сонсголд тухайн асуудалтай зайлшгүй холбоотой, мэдээлэл тайлбар өгөх хүмүүсийг бүрэн оролцуулж байж сонсгол үр өгөөжтэй болох нь ойлгомжтой хийгээд хууль журамд ч үүнийг тусгасан. Гэтэл энэхүү сонсголоор хэлэлцэж буй асуудалд холбогдох зарим, албан тушаалтнууд, тухайн хэрэг явдлыг зохион байгуулж, шийдвэр гаргасан зарим нөхөд оролцсонгүй.

Бас сонсголд оролцвол зохих зарим төрийн албан хаагчид ч оролцоогүйг  сонсгол даргалагч дурьдаад, тэдгээр нөхдөд сонсгол зохион байгуулах журмын 13-т заасны дагуу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн атал энэ тухай нь цахимд тавьсан  тэмдэглэлдээ оруулаагүй байна. Сонсголыг хууль журамд заасны дагуу явуулж байгаа эсэхийг ажиглаж хянах эрх нь тухайн сонсголын ажиглагчид хийгээд оролцогчдод хуулиар олгогдсоны дагуу энэ талаар  тодорхой мэдээллийг уншигчдад хүргэх нь зүй гэж үзэв.   

Юуны өмнө дээр дурьдсанчлан хэлэлцсэн асуудалд холбогдох зарим нөхөд сонсголд оролцоогүй дутагдал байгаагаас гадна,  “Сонсголд тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг заавал оролцуулна (Нийтийн сонсголын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1) гэсэн хуулийн заалт хэрэгжсэнгүй. Тухайн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг, мэргэшсэн төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод Ховд аймагт нэг бус байгаа ч сонсгол зохион байгуулагч тэдгээрийг оролцуулах талаар санаачлага гаргаагүй гэж ажиглагдав.

Ns3NS4

Мөн сонсголын тэмдэглэлийг аймгийн ИТХ-ын цахим сайтад байршуулахдаа оролцогчдын сонсгол дээр хэлсэн тайлбар, санал дүгнэлтүүдийг орхиж тэмдэглэлийн хагасыг нь байршуулсан байгаа нь нийтийн сонсголын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “сонсголын тэмдэглэлд сонсголыг зохион байгуулсан огноо, байрлал, эхэлсэн дууссан цаг, сонсгол даргалагч, оролцогчдын овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, сонсголын ирц болон оролцогчид эрх, үүргийг тайлбарласан байдал, оролцогчийн тайлбар, баримтыг шинжилсэн талаар бичнэ” гэсэн заалт, мөн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан “хаалттай зохион байгуулснаас бусад сонсголын тэмдэглэл нээлттэй байх бөгөөд уг тэмдэглэлийг тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсанд байрлуулна” гэсэн заалтууд зөрчигдөж байна гэж үзэхээр. Тэрчлэн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан “сонсголд оролцогчид нь сонсголын тэмдэглэл, гарсан шийдвэртэй танилцах, өөрийн хэлсэн санал, тайлбарыг хянах” эрхтэй гэснийг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байх тул энэ талаар оролцогчид дор бүрнээ болон нэгдэж хяналт тавих шаардлагатай гэж харагдаж байгаа юм.

Эцсийн бүлэгт тулгамдсан асуудлаар шийдэл олох, доголдлыг засахын төлөө хийгдэж байгаа сонсголын хувьд тодорхой дүгнэлт, шийдвэр гаргаж, үр дүнд хүргэх нь чухал бөгөөд хуулинд “оролцогчид сонсголоос гарсан шийдвэртэй танилцах эрхтэй” гэж заасныг сая дурьдав. Мөнхүү сонсголд оролцогч тухайн асуудлаараа бодитой дүгнэлт өгөх тухай хуульчилсан бий.

Энэ бүхнийг дурьдахын учир нь уг сонсгол дээр сонсгол даргалагч хэлэхдээ “энэ сонсголоос ямар нэг дүгнэлт гарахгүй. Зүгээр сонсгож мэдээлэх л зорилготой” гэсэн нь хууль, журмын дээрх заалтуудтай зөрчилдөж байгааг сануулах гэсэн хэрэг.

Тиймээс сонсголоос тодорхой шийдвэр, үр дүнг нэхэж, хэлэлцсэн асуудлын солиу гажууг засаж залруулах нь зүй ёсоор хүлээгдэж байна.

Сонсголд оролцогчдийн гаргасан санал дүгнэлтүүдэд энэ тухай маш тодорхой зүйлүүд яригдсан учир тэдгээрийг тэмдэглэлдээ тусгаж, цахимд байршуулан, ил тод болгох ёстой гэж үзэж байна. Гэхчлэн тухайн асуудлаар хуулийн ямар тодорхой гаргалгаа, шаардлагууд байгааг бид тайлбарлан таниулж болох бөгөөд үүнийг жичид нь авч үзэх учир энэ удаад нийтийн сонсголыг ажигласан энэхүү толилуулгаа үүгээр завсарлав.   

NS5

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 3 =

Create Account



Log In Your Account