Ази тивийн хуульчдийн “Про-боно” чуулга уулзалт болов

By: Admin
2025-10-12
0
94

Ази тивийн хуульчдийн “Про боно” чуулга уулзалт Монгол Улсын Улаанбаатар хотод 2025 оны 10 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд болов. Энэхүү чуулга уулзалт нь 2012 оноос эхлэн 13 дахь удаагаа явагдаж байгаа бөгөөд Монгол Улсад анх удаагаа ийнхүү зохион байгуулагдаж буй, шударга шүүхийг бий болгох, “про боно” буюу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг зорьж буй хүн бүрийн цугладаг Азийн хамгийн том үйл ажиллагаа юм. 

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, нийгмийн тулгамдсан асуудлуудын шийдлийг олох, нийтийн эрх ашгийн төлөөх “про боно”  үйлсийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэхэд уг арга хэмжээ голчлон чиглэгддэг. Энэ удаагийн чуулга уулзалтанд нийт 30 гаруй улсын 200 гаруй хуульчид оролцов. 

Pro 1

Чуулганыг нээж Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, “Бабсийкл” олон улсын байгууллагын захирал Брюс Ласки, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар үг хэлсэн бөгөөд нэгдсэн хуралдаануудаас гадна бизнесийн эрх зүй, хууль шүүхийн асуудлууд, хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг бэхжүүлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, нийтийн ашиг сонирхлын маргааныг шийдвэрлэх, тэгш, хамтын түншлэлийг бэхжүүлэх, ёс зүйг эрхэмлэн дээдлэх, шудрага ёсны төлөө тэмцэл, хууль зүйн тогтолцоог зөв гольдролд оруулах стратегийг хөгжүүлэх гэх мэтчилэн олон сэдэв, чиглэлээр салбар хуралдуунууд өрнөсөн юм.

Чуулганы төгсгөлийн нэгдсэн хуралдаан “Засгийн газрын институцичлагдсан хүний эрхийн хөтөлбөрүүдийг өөрчлөхөд Пробоногийн хүчийг ашиглах нь - Бүс нутгийн болон дэлхийн чиг хандлага” гэсэн сэдвээр явагдаж, хууль эрх зүйн тогтоолцоог улс орон бүрт ялгалгүй боловсронгуй болгож, шудрага үнэнийг хамгаалахын тулд бодлого, хууль тогтоомжийг батлах эрх мэдэл бүхий хэсгүүдэд шудрага зөв нөлөөлөл үзүүлж, тэднийг соен гэгээрүүлэх, ухааруулах, зөв гольдролд чиглүүлэх арга замын талаар ярилцав.

Pro 2

Хэзээнээс Монгол Улсад тулгамдсан асуудал болсоор ирсэн нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах эрхийн зөрчлийг хөндөж, чуулганы хүрээнд энэ сэдвээр салбар хуралдаан зохион байгуулсныг энд онцлох нь зүйтэй. Уг салбар хуралдаанд хуульч З.Буяндаваа “Нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэх эрхийг өргөжүүлэх боломж-харьцуулсан судалгаа” сэвдээр илтгэл хэлэлцүүлсэн бол олон улсын “DLA piper” фирмийн захирал Аарон Чан, “Хүний эрхийн үндэсний төв” ТББ-ийн тэргүүн, хуульч Н.Арвинтариа, “Ховдын толь сонин” НҮТББ-ийн тэргүүн сэтгүүлч Г.Төрмөнх, мөн хуульч Г.Дашдэмбэрэл нарыг оролцуулсан панел хэлэлцүүлгийг “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер, хуульч Д.Эрдэнэчимэг хөтлөн явуулав. Панелистууд нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, захиргааны зөрчлийг илрүүлж, хянан шийдвэрлэхэд тулгарч байгаа сорилт бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хөндөн ярилцаж, тодорхой гаргалгаа бүхий саналуудыг дэвшүүлсэн нь чухал байв.  

Тэрчлэн олон улсын энэхүү өндөр хэмжээний чуулга уулзалт дээр хөндөгдөж яригдсан асуудлуудын мөрөөр ажиллаж, илрүүлэх, судалгаа анализ хийх, засаж сайжруулах олон талт ажлуудыг тал талдаа үргэлжлүүлэн өрнүүлж эхэлсэн нь нэн чухал ажээ.   

Pro 3

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 8 =

Create Account



Log In Your Account