энэрэнгүй, болгоомжтойгоор дайтаж, оновчтой цохилт өгч чадаж байна -
Орос, Украйны харилцааны түүхийн шинэ үе 2022 оны хоёрдугаар сарын 24 хүртэл, түүний дараах үе хэмээн хуваагдав. Дурьдаж буй сар өдрийг хүртэл найман жилийн турш ОХУ-ын Гадаад хэргийн яам асуудлыг дипломат аргаар, яриа хэлэлцээрийн замаар шийдэх гэж оролдсоор ирсэн бөгөөд заримдаа өөрийн улс төр, эдийн засаг бизнесийн сонирхлоо огоорч, хохирол амсах нь ч байсан юм. Харин Украйны тал Оросын талаас мөнхүү “Минск”-ийн гаргасан энхийн санаачилгыг үл сонсооч, үл мэдээч болсоор сохор дүлий мэт аашилж ирснээр зогсохгүй, түүнээс ч дор юм нь Киевийн эрх баригчид зэвсэг цуглуулан нөөцөлж, “Москвагийнхан” руу цөмийн зэвсэг онилохоор заналхийлэх болов. Тэд төлөвлөгөөнийхөө дагуу энэ оны гуравдугаар сард цохилт өгөхөөр бэлтгэсэн байжээ. Украйны зэвсэгт хүчний гаубиц болон миномётууд Донецкийн болон Луганскийн бүгд найрамдах улсын энгийн оршин суугчдын амьдардаг суурьшлын бүсийг онилсоор байв. Барууны зааварлагчид, инженерүүдийн удирдлаган дор Украйны дэглэм гэгчийг буй болгохоор занал өвөрлөн, гөжүүдлэн зүтгэгсэд өөрийн нутаг дээрх цэргийн байгууламжуудаа өргөжүүлэн бэхжүүлсээр байсан тул оросын цэргийн шинжээчид хамгаалалтын тактикийг сунжруулалгүйгээр цохилт өгөхөөс аргагүй гэж дүгнэсэн.
Луганск, Донецкийн зүүн чиглэлд хилийн шугамын дагууд нэлэнхүйд нь нуувч байгуулж, мэргэн буудагчдийн байрлах үүр, цэгүүдийг бэлтгэснийг тэдгээр бүгд найрамдах улсууд мэдээлсэн. Нацистууд үндсэндээ буудлагын зэвсэглэлээ түүнчлэн Украйны зэвсэгт хүчин танк эсэргүүцэх зөөврийн тусгай төхөөрөмж бүхий зэвсгүүдээ довтолгооны горимд шилжүүлсэн байв. Тэгэхээр хилийн шугаман дээр цэргүүдийг төвлөрүүлэх тухай ярих шаардлагагүй байсан юм. Чухамдаа тэдний ааш аяг нь тэвчвэл зохих бүх боломжоос нэгэнтээ хэтийдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Украйн эртнээс “блицкриг”-д сайтар бэлтгэсэн нь ойлгомжтой зүйл байв. Гэвч Орос түүнээс нь урьтаж Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсын хилийн шугамын ойролцоо байрлаж байсан Украйны зэвсэгт хүчнийхэнд цохилт өгсөн. ОХУ-ын батлан хамгаалах яам Донбассын иргэдийг чөлөөлөхөөр явуулсан тусгай ажиллагааны хүрээнд орчин үеийн хурц тусгалт зэвсгийн үйлчиллийг оновчтой ашиглан, Украйны цэргийн зориулалтын “эмзэг” байгууламжууд, түүний дэд бүтцийг хараа хяналтандаа оруулж чадав. Үүнд тэргүүн ээлжинд цэргийн зориулалтын нисэх буудлууд, радиолокацийн станцууд, зэвсэг хэрэгслийн агуулахууд, агаараас эсэргүүцэн хамгаалах систем болон түүний иж бүрдлүүдийг онилсон. Оросын цэргийн хүчин Украйны дорнод хэсэг буюу Луганск, Донецкийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр мөн хойд чиглэлээс нь давшиж, улмаар Харьков, Киев рүү довтолгооноо чиглүүлсэн. Донецк болон Луганскийнхан ОХУ-ын зэвсэгт хүчний галын дэмжлэг доор нацистуудаас газар нутгаа эргүүлэн авахаар байлдсан бөгөөд тэдгээр бүгд найрамдах улсын хилийн дагуу төвлөрүүлсэн байсан украйны армийн шилдэг хэсэгт тэднээс /Оросын арми болон Донецк Луганскийнхан/ ийнхүү шахалт үзүүлсний хүчинд мөнөөх цэргүүдийг Киев эсвэл Харьковд туслуулахаар илгээх боломжийг нь хязгаарлав.
Оросын зэвсэгт хүчний хувьд ажиллагаагаа хурдан, оновчтой, үр ашигтай явуулахыг чухалчилж, яг төлөвлөгөөнд заагдсан горимоор зоримог ажилласан юм. Агаарын десантын дайчид орчин үеийн нисдэг тэрэгний дэмжлэгтэйгээр хамгийн гол нь жирийн оршин суугчид хүн амыг эрсдэлд өртүүлэхгүйгээр, хянамгай сурцтай ажиллаж байсан нь саяхны сургуулилтыг санагдуулж байв. Бүхэл бүтэн ажиллагаа ердөө минут төдийд болоод өнгөрч байх шиг бодогдож байв. Оросын десантийн цэргүүд зорилтот обьектууд руу маш шуурхай довтлон, нэг хоног орчим бүслэн хааж, цохилтонд өртсөн хэсгүүдийг хамгаалалтанд аван тусламж үзүүлж байв. Тэрбээр С-300 системийн цэргийн дэд бүтцийн обьектууд, танк, хуягт тэвэрлэгчийн салбар хэсэг хүртэл 1900 гаруй байгууламжийг жагсаалаас гаргасан байна. Оросын зэвсэгт хүчнийхэн Луганск, Донецкийн армийнхантай хамт Херсон, Бердянск болон Мелтитополь, Мариуполийн орчим хэсэг мөн Киев, Харьковын зарим таслагдсан хэсгийг хяналтандаа авсан. Украйны цэргүүд хэт тэрсэлдэгчдийн тушаалыг дагахаас аргагүй нөхцөлд байгааг мэдэж байсан Оросын зэвсэгт хүчнийхэн аль болох хурдан хугацаанд довтлон, атомын цахилгаан станцууд гэх зэрэг өндөр эрсдэлтэй обьектуудыг бүрэн хяналтандаа авч амжсан. Энэ нь ч дэмий зүйл биш. Учир нь тэнд маш өргөн цараатай хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар бэлтгэсэн байсан. Хэрвээ тэр ажиллагаа явагдсан бол ямар үр дагаварт хүргэх нь ойлгомжтой. Киев эмх замбараагүй байдлыг зориудаар турхиран идэвхжүүлж, эсэргүү отрядуудыг зохион байгуулан зэвсэг, галт хэрэгслийг хэнд ч хамаагүй тарааж, түүнчлэн гэмт хэрэгтнүүдийг зэвсэглэсэн нь аюултай байлаа. Айдас хүргэм, учир начиргүй, эмх замбараагүй нөхцөл байдал бий болоод байгааг мөнөөх тонуулчдын дийлэнх нь өөрсдөө шууд ойлгосон. Харин нацист батльонууд нөхцөл байдлыг бүрэн хэмжээгээр хутган үймүүлж, “оросын хорлон сүйтгэгчид” хэмээн өөрсөдтэйгээ байлдаж эхлэх, эс бөгөөс банк, дэлгүүр, чинээлэг орон сууцнуудыг дээрэмдэхийг нь өөгшүүлэн турхирч байв. Дээрэм хийснээр бөөн орлоготой болно биз дээ. Ингэх нь тэдэнд Оросын зэвсэгт хүчнийхэнтэй байлдахаас илүү амар хийгээд “ашигтай”, хамгийн гол нь нацист батльонд “зөвхөн өөрт нь аюулгүй” байсан юм байх.
Нутгийн ард түмнийхээр “эелдэг хүмүүс” гэгдэх оросын гэрээт цэргийн албан хаагчид олон жилийн турш Украйны зэвсэгт хүчнийхэнд олзлогдон, тэдний дарангуйлалд байсан Луганск, Донецкийг чөлөөлсөн хийгээд зөвхөн товолсон хэсгүүддээ цэгчилсэн цохилт өгч, маш болгоомжтой тулалдаж байгаа юм. Дашрамд хэлэхэд Оросын батлан хамгаалах яам иргэд, оршин суугчдыг түйвээхгүйгээр зөвхөн онилсон хэсэгтээ хэдхэн цагийн дотор цохилт өгөхөөр урьдаас нарийн тактик төлөвлөлт хийсэн байлаа. Энгийн оршин суугчид Оросын зэвсэгт хүчний цэргүүдийн мэргэжлийн ур чадвар, ёс суртахууныг өндөр үнэлж байна. Бас энэ мөргөлдөөний /тусгай ажиллагаа/ онцлогийг тодотгоход урьд болж байгаагүй хамгийн гайхмаар хүмүүнлэг байлдаан. Зөвхөн нэг талтай ч байлдаагүй. Украйны хүн амыг чөлөөлмөгцөө тэдэнд дулаан хувцас, ус, хүнс өгч, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байна. Гэтэл нацистууд тэс өөр арга мэх хэрэглэж, энгийн оршин суугчдыг халхавч бамбай болгон, золиосонд ашиглаж байна. Агуу их эх орны дайны үед зөвлөлтийн арми фронтод зөвхөн Германы фашистийн СС-ийн цэрэг, офицеруудтай тулгаран байлдаж байсан бол энэ мөргөлдөөн шал өөр болж байна.
Яагаад ийм юм болж байгаа нь ч бас ойлгомжтой. Дэлхийн II дайны дараах Нюрнбергийн дайны шүүх хурлаас сургамж авсан барууны зааварлагчид нь ийнхүү ард түмнийг золиосондоо авч, бамбай болгохыг зааж өгч буй хэрэг, тэдний толгойд үүнээс өөр олигтой санаа ч орохгүй л дээ. Оросын талаас тусгай ажиллагааны дараа тэрхүү ажиллагаа болсон газрын нөхцөл байдлыг тогтворжуулахад хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд эвдрэл сүйрлийг, эрсдлийг гарч болох хамгийн бага түвшинд байлгахыг урьдаас тооцон уг зарчмыг чанд баримтлаж, хүний амь сүйтгэхгүй байхыг юуны түрүүнд эрхэмлэж буй. Ийм ч учраас Оросын Батлан хамгаалах яамнаас зэвсгээ хураалгасан Украйны зэвсэгт хүчний дайчдад хүндэтгэлтай хандахыг, тэдэнд тусламж үзүүлэхийг захирамжилсан, бас энэ учраас Украйны хотуудад аль болох бага эрсдэл учруулахыг чухалчилж, зөвхөн бүслэн хаах тактик хэрэглэж байгаа. Дараа нь жирийн оршин суугчдыг цэргийн мөргөлдөөний талбараас гаргаж тайван газарт аваачих зорилгоор хүмүүнлэгийн зам гарцыг нээх талаар хэлэлцээр үүсгэх санал, оролдлогыг удаа дараа явуулж байж хэрэгжүүлж эхэлсэн. Тэрчлэн
Оросын удирдагчдын зүгээс Орос, Украйнчууд нэг нэгэндээ дайсан биш харин нэг ард түмэн гэж үздэг гэдгээ урьднаас зарлаж, мэдэгдэл хийсээр ирсэн. Украйны ард түмнийг нацист, үндсэрхэгчүүдийн савраас салгаж, шинээр төлөвшүүлэхийн тулд тэднийг Оросын ард түмэнтэй нэгдэн нийлэхийг санал болгож, хүн ам зүй, нутаг дэвсгэрийн шинэ зохион байгуулалт хийх бэлтгэл арга хэмжээг ч авч эхэлж буй. Харин Украйны зэвсэгт хүчний зүгээс өөрсдийн цэргүүдийг галд өртөхөд бэлэн золиос болгон түлхэж, тэр ч байтугай өөрийн улс орноо өөрийн гараар түйвээн сүйтгэж, учир начиргүй эмх замбараагүй байдлыг үүсгэн, түүнийгээ гуйвуулан ойлгуулахыг хичээж, улс төрийн ашиг хонжоо хайж байна. Бас Оросын зэвсэгт хүчний хувьд бүүр өөрсдөө зориуд хохирол амсаж, шаардлагатай тохиолдолд цохилтын хүчээ эсрэг талын хүчний харьцаанд зүйцүүлэн хязгаарлахад бэлэн байх зэрэг энэрэнгүй тактикаар ажиллаж байна. Эс бөгөөс мөнөөх Харьковыг их бууны болон залуурт бөмбөгийн шуурган галаар аль хэдийн эд буд хийх байсан. 1942 оны Сталинградын тулалдааныг бүү хэл 1999 оны Грозныгийн нөхцөл байдлаас ч гэсэн өнөөдрийн түвшин онхи өөр болон хувирсан байна.
Елена КОЗЛОВСКАЯ /интернетийн болон хэвлэлийн материалуудыг ашиглав/
Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ