“Монгол Улсад хэрэгжүүлэх уул уурхайн төслийн санаа зовоосон асуудал”-аар Азийн Хөгжлийн банкинд асуулга тавьжээ

By: Admin
2024-04-29
0
277

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхээр Засгийн газартай нь тохиролцсон Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын төсөл нь АХБ-нд ийм төрлийн төслийг хянан батлахад дагаж мөрддөг хууль, журмаа зөрчиж батлагдсан байж болзошгүй хийгээд Монгол улсын иргэдийн язгуур эрх ашиг, хүний эрхийн талаар ноцтой сөрөг асуудлуудтай байгааг тус байгууллагад хяналт тавьдаг “ТББ-уудын форум” Олон улсын байгууллага олж мэдээд, Монгол Улс дахь ТАН эвсэл болон холбогдох байгууллагуудад мэдэгдсэнээр, Олон улсын ТББ-уудын форум, Монгол дахь ТАН эвсэл, түүний гишүүн байгууллагууд, “Оюу Толгойн хяналт” ТББ хамтран, уг төслийн талаар АХБ-ны удирдлагад асуулга тавьсан албан захидлыг хүргүүлжээ.

Захидлыг бүрэн эхээр нь толилуулъя.

“Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Бүсийн захирал ноён Мухамед Эхсан Хан болон Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн хэлтсийн төслийн ажилтан, ноён Дастин С.Шинн нар танаа

Уур амьсгалын шинэ эдийн засагт зориулсан Уур амьсгалын ухаалаг уул уурхай-57273-001 төслийн тухай. 

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхээр тохиролцсон 57273-001 тоот “Уур амьсгалд нийцсэн ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын орчинг сайжруулах, ашигт малтмалын хайгуул, боловсруулалтын хөрөнгө оруулалтыг татах, чадавх бэхжүүлэх” гэсэн нэртэй  500 мянган ам долларын санхүүжилт бүхий, техникийн туслалцааны төслийн баримт бичиг 2023 оны 12 дугаар сард бидэнд олдсон.  

Гэтэл төлөөлөн удирдах зөвлөлийн хэд хэдэн гишүүд энэ төслийн талаар мэдээгүй байж магадгүй байна. ТУЗ-өөр хэлэлцүүлэггүйгээр, АХБ-ны цахим хуудсанд урьдчилан байршуулахгүйгээр баталсан нь мэтгэлцэх, хэлэлцүүлэх, асуулт тавих цаг гаргаагүй гэсэн үг. Түүнээс гадна энэ төсөл нь АХБ-наас шилжилтийн уул уурхайн салбарыг дэмжих буцалтгүй техникийн тусламжийн бие даасан санхүүжилтийг анх удаа баталсан, хянан нягтлах шаардлагатай гэдэг утгаараа  өндөржүүлсэн магадлан шинжилгээ хийвэл зохих шийдвэр юм.

Сэрэмжлүүлбээс: АХБ-аас олборлох салбарт, тухайлбал, Филиппин дэх Маркопперын уурхайн үйл ажиллагаанд оролцсон явдал нь орон нутгийн экосистем болон ард иргэдийн хууль ёсны эрхэд нөхөж баршгүй хохирол учруулсан жишээ бий. Монгол Улсын хувьд ОУСБ (Олон улсын санхүүгийн байгууллага) ба MIGA-аас дэмжлэг авсан Оюутолгойн уурхайн үйл ажиллагааны улмаас мөн малчид, иргэд ихээхэн хохирол амсаж, энэ талаараа  Зөвлөх ба Омбудсманы газарт (2012-2020) гомдол гаргасан нь бүртгэгдсэн, шийдвэрлэх ажил явагдаж байгаа. Тэгвэл мөн ОУСБ-ын санхүүжилттэй энэхүү төслийн тухайд хүний эрх, байгаль орчин дахь ул мөр, үр дагаварыг тунгаан шинжсэн, түүнчлэн хариуцлага, ил тод байдлын талаарх өргөн хүрээний судалгаа хийгдсэн байх ёстой атал төслийн холбогдох баримт бичигт энэ  талаар ямар ч баримт  байхгүй байгаа нь маш их түгшүүр төрүүлж байна. 

Жишээлбэл, Монгол Улс ОҮИТБС буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг (ОҮИТБС) идэвхтэй хэрэгжүүлж байгааг бид ажиглаж байгаа. Харин энэхүү техникийн туслалцаа нь тус улс дахь ОҮИТБС-тай хэрхэн холбогдож, түүнээс ямар ашиг тус хүртэхээр төлөвлөсөн нь тодорхой бус байна. Монгол дахь байгаль орчны хүний эрхийн хамгаалагчид, тэр дундаа Оюутолгойн уурхай, шинээр баригдаж буй уурхайнууд болон уул уурхайн дэд бүтцэд хяналт тавихад оролцсон хүмүүст учирч буй аюул заналхийллийн талаар АХБ-ны ахлах удирдлагад олон удаа анхааруулж байсан. Саяхан бизнесийн хэд хэдэн хэвлэлээр Франц улс Монголтой литий болон уран олборлох уурхай хөгжүүлэх гэрээ байгуулсан тухай мэдээлсэн. АХБ-ны гишүүн орнуудын зарим нь ураныг шилжилтийн чухал ашигт малтмал гэж үздэг нь ноцтой зүйл. Ураны олборлолтоос үүдэн экологи болон эрүүл мэндэд асар их хохирол учирдаг. АХБ бодлогодоо цөмийн байгууламжийг санхүүгийн дэмжлэгээс хассан хэдий ч АХБ-ны зөвлөхүүд уран олборлох хувилбаруудыг зөвлөмж, зураглалаас мөн хасаж чадсан эсэх, энэ асуудлаар ямар байр суурь баримтлаж буй талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаад бид түгшиж байна. "Уур амьсгалын ухаалаг олборлолт” гэгчтэй холбоотой төслийн баримт бичгүүдэд тусгагдсан хялбаршуулсан таамгууд биднийг бухимдуулж байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн хор уршиг, алдагдлыг бэлчээрийн мал аж ахуйтнууд  хурцаар мэдэрч байгаа болон усны хомсдол, ган, зуд, шороон шуурганы давтамж нэмэгдэж буй энэ нөхцөлд  "уур амьсгалын ухаалаг уул уурхай" гэж байж болох эсэх тухайд зохих ёсоор хамтран хэлэлцэх ёстойг анхаарч үзэхгүй байна. АХБ ямар хэмжүүрүүд боловсруулж, уул уурхайн тодорхой төслийг “уур амьсгалын ухаалаг” статустай болсон гэж үзэж байна гэдэг тухайд тодорхой мэдээллийг  бид авахыг хүсч байна. Эцэст нь хэлэхэд, төслийн талаарх АХБ-ны хүчин чармайлтын зорилго нь Монгол Улсад “газрын ховор элементийн олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэлийн “ногоон, шилжилт” гэгчийг дэмжих зорилготой гэдгийг бид мэдэж байна. Гэсэн хэдий ч нутгийн бүлгүүдийн "Үгүй гэж хэлэх эрх"-ийг хангах зохицуулалтын бодлого байхгүй, байгаль орчныг хамгаалах, нутгийн иргэд, малчид, эмэгтэйчүүдийн эрх,  хүний эрхийг хангах "шударга ёсны" элементийг хэрхэн тодорхойлж байгаа нь тодорхойгүй байна.

Хүний эрх хамгаалагч нар айлган сүрдүүлэлт, хэлмэгдүүлэлтээс айхгүйгээр зураглалд санал оруулах, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулах, нэгдэх эрхээр хангагдах ёстой ч энэ талаараа  маш хязгаарлагдмал сонголтуудтай тулгарч байна.  Тиймээс уг төслийн тухайд энд дурьдаж буй асуудлуудыг яагаад авч хэлэлцээгүй, цаашид хэрхэх талаар та бүхнээс хариулт авахыг хүсч байна. Энэ тухайд бичгээр дэлгэрэнгүй тайлбар авсны дараа бид цаашид үргэлжлүүлэн ярилцаж зөвлөлдөхийг хүсч байна.  Цаг зав гаргасанд баярлалаа,  Хариу хүлээж байна.  

 Хүндэтгэсэн,

Олон Улсын Төрийн бус байгуулагуудын форум 

Монгол Улс дахь ТАН эвсэл, түүний гишүүн байгууллагууд,

Оюу Толгойн хяналт ТББ, Иргэний зөвлөл, хамтрагчид” гэсэн байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 6 =

Create Account



Log In Your Account