ВАКЦИНЖУУЛАЛТААС БОЛГООМЖИЛОХЫН УЧИР !

By: Admin
2024-04-20
0
1786

          Корона вирус гэгчээр үүсгэгдсэн гэх цар тахлын асуудал манай улсад улам хүндсэрсэн нөхцөл байдалд бид аж төрж байна. Эрх баригчид болон Засгийн газар, ЭМЯ холбогдох байгууллагуудаас хэдэн сарын өмнө хэлж ярьж, амлаж, ухуулж байсан зүйлүүдийн баримжаа алдагдаж, итгэхэд төвөгтэй болж ирсэн зүйлүүд ч бий. Үүний нэг нь вакцинжуулалтын тухай асуудал. Манай улс насанд хүрсэн нийт иргэдийнхээ магад 90 гаруй хувийг вакцинд хамруулсан боловч вакцинжуулалт явуулж эхэлснээс хойш халдвар авч өвдөгсдийн тоо вакцин хийж эхлээгүй үеийнхээс хэдэн мянга дахин нэмэгдэж гайхаш төрүүлэх болов. Энэ мэт нөхцөл байдалтай холбоотойгоор бид Монголд буй вакцины талаар мэддэг, арвин туршлага бүхий цөөн мэргэжилтний нэг болох Биокомфинатын ерөнхий технологичоор 14 жил ажиллаж, вакцин судлал, үйлдвэрлэл, технологи дамжуулалт болон бусад чиглэлээр сайтар мэргэшсэн, мөнхүү Монголын Мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, ХААИС-ын дэд захирал зэрэг өндөр хариуцлагатай алба хашиж байсан, вирус, вакцин, судлаач, биотехнологич, Монгол улсын гавъяат малын эмч Ц.ӨЛЗИЙТОГТОХ-той ярилцаж, түүний зарим ном бүтээл, хэвлэлийн нийтлэл, эрдэм шинжилгээний бичвэрүүдтэй танилцсан бөгөөд өөрийнх нь зөвшөөрснөөр түүний бүтээл болон бичвэрүүдээс түүвэрлэж, цохолборлон авсан доорх  мэдээллийг уншигчдад хүргэж байна.

          “Хөх толбо” сонинд болон зарим цахим сайтад түүний бичиж нийтлүүлсэн “Вакцин хэмээх цөмийн бөмбөгөөс болгоомжлуулах нь буюу Ковид 19-ын эсрэг гэх вакцинжуулалтад Монголчуудыг бүү ойртуулаасай гэхийн учир” гэсэн гарчигтай нийтлэлд үгүүлэхдээ: “Бүх халдварт өвчний эсрэг вакцин бий болгох боломжгүй. Учир нь халдварт өвчний үүсгэгч болон түүний эсрэг үүсэх дархлааны хариу урвалын тогтвортой байдлыг мэдэж байж, энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Энэ нь судлаж тогтооход нэн ярвигтайн дээр хариу урвал тогтвортой байх нь санаснаар тохиолддог зүйл биш юм. Эс зуучлалын дархлааны хариу урвал хангалттай өдөөгдөх, эсрэг бие зуучлалын дархлааны хариу урвал нь халдвараас хамгаалах бүрэн чадвар үүсгэж чадахыг бүрэн хэмжээгээр нотлосон, түүнчилэн вакцинжуулалтын эрсдэл нь тухайн халдварт өвчний улмаас үүсдэг эрсдлийн хэмжээнд хүрэхээргүй, хавьгүй бага байгаа нөхцөлд л сая тухайн вакциныг хүлээн зөвшөөрөх боломжтой болдог. Түүнээс гадна вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө дараах асуултуудын хариу хангалттай нотлогдсон байх ёстой. Үүнд:

  1. Хүмүүсийн нас вакцинжуулалтанд нөлөөлөх эсэх?
  2. Амьд вакцин уу?, идэвхгүйжүүлсэн вакцин уу?, вакциныг дагалдаж гарах гаж нөлөө, хариу урвалууд нь ямар хэлбэрээр илрэх, түүнийг ямар арга замаар илааршуулах?
  3. Тухайн вакциныг амаар, амьсгалын замаар, арьсан дор тарих, арьсан дотор тарих, булчинд тарих гэсэн аргуудын алинаар нь олгох?
  4. Вакцины тунд агуулагдах хорууг нь сулруулсан вирус болон эсрэг төрүүлэгчийн (PD50) дундаж хэмжээг хэрхэн тогтоосон хийгээд, тунд ямар хэмжээгээр агуулагдах?  
  5. Хэрэв амьд вакцин бол хоруу сулруулалтын үзүүлэлтийг хэрхэн тогтоосон?
  6. Өвчин үүсгэгч вирусын мутаци буюу ондоошилтын үзүүлэлтийг  хэрхэн тогтоох, тооцох, түүнийг вакцины сонголттой яаж уялдуулах? /Одоо Монголд оруулж ирж тарьж буй вакцинуудын хувьд дээрх асуултуудын алинд нь ч тодорхой хариулт өгсөн нь байхгүй, өөрөөр хэлбэл баталгаа нотолгоо байхгүй байна гэж тэр үгүүлсэн/

          Ковид вирусаар нэгэнт өвчлөөд, халдварлаад эдгэрсэн бодьгал ямар ч вакцинаас хавьгүй илүүгээр хамгаалах дархлаатай болдог гэдгийг ухаарах шаардлагатай. Тэдэнд ямар ч хамгаалах дархлаа хэрэггүй. Төгс төгөлдөр вакцин гэж энэ ертөнцөд байхгүй бөгөөд найдвартай сайн вакцин гэдгийг эцсийн байдлаар тогтооход стандарт горим ёсоор 10-12 жилийн судалгаа, туршилт шаардагддаг. Зөвхөн тунгийн хэмжээг тогтооход л хэдэн жилийг зарцуулдаг.

         Амьд вакцин гэдэг нь тухайн вакциныг ашиглан сэргийлэх гэж буй уг өвчнөөр нь хөнгөвтөр өвчлүүлээд эдгээж буй хэлбэр, харин идэвхгүйжүүлсэн вакцин гэдэг нь тухайн халдварт өвчнийг үүсгэгч вирусын биеийнх нь сэг зэмийг вакциндуулагчийн бие рүү оруулж буй хэлбэр. Үнэндээ бол эрүүл хүн, амьтныг вакцинжуулна гэх юм бол тэдгээрийн бие организмыг халдварт өвчин үүсгэгч вирус болон бичил биетнээр бузарлаж, тэдгээр халдвар үүсгэгчийг хүн, амьтны биед оршуулж буй хэрэг учраас вакцинжуулах нь бүүр аргагүй тохиолдолд л хэрэглэх зүйл. Тийм ариун сайхан явдал биш юм”  хэмээн бичжээ.

           Тэр мөн бидэнтэй утсаар холбогдохдоо “Сангийн сайд Хүрэлбаатар УИХ-ын хуралдаан дээр “бидний оруулж ирэх гэж байгаа вакцины нэг тунгийн үнэ нь 20 гаруй америк доллар” гэж ярихыг сонсоод би маш их гайхлаа. Би олон жил вакцин судлал, вакцины туршилт, үйлдвэрлэл, технологи дамжуулалт дээр гардаж ажиллаж байсан хүний хувьд энэ талаар сайн мэднэ. Вакциныг гаргаж авахдаа эсийн өсгөвөр, эсвэл рекомбинац гэх мэт шинэлэг технологийн алийг ч ашигласан, бас шингэн, эсвэл хуурай аль ч хэлбэрээр үйлдвэрлэгдсэн байлаа гэсэн нэг тунгийн хэмжээ нь 0.1-1.0 мл-ийн хооронд байдаг бөгөөд, нэг тунгийн хэмжээ хамгийн ихдээ 1.0 америк доллараас хэтрэхгүй байх ёстой гэдгийг тооцож, худалдааны хэлэлцээрт оролцох ёстой. Тэгэхээр тэр хэдэн арван доллараар хэмжигдэх үнэ гэгч нь дайн өдөөж, дэгдээж, зэвсэглэлээр хөөцөлдөхөд чиглэгдсэн эдийн засгийн колончилол, эдийн засгийн алуурчдын явуулж буй үйл ажиллагаа гэж л ойлгохоос аргагүй байна” гэсэн юм. Түүнчилэн одоо Монголд хүмүүст тариад байгаа Ковид 19 вирусын эсрэг гэх вакцин нь стандарт горим ёсоор бол баталгаатай найдвартай байх ямар ч боломжгүйн дээр, тухайлбал Bfaizer вакцин л гэхэд хадгалах тээвэрлэх горим нь хасах 70 градусаас дээш нөхцөлд байх ёстой гэж байгаа атал хөдөө аймаг сумуудад тийм нөхцөл байхгүй. Тэхээр вакцины чанар хадгалагдаж үр дүн гарах нөхцөлгүй болчоод байгаа юм гэсэн. Ц.Өлзийтогтох вакциныг хууль бус наймааны хэрэгсэл болгодог хуйвалдаан Монголд олон жилийн өмнөөс нэвтэрсэн тухай бас сануулж байгаа бөгөөд энэ талаарх асуудлуудыг гарган тавьж, баримт нотолгоо бүхий бичвэр нийтлэлүүд олныг нийтлүүлж байсан. Тэдгээрийг эмхтгэн хоёр ном болгож хэвлүүлсэн байдаг юм байна. Эндээс вакциныг тойрсон ноцтой асуудлууд байдаг гэдэг нь мэдэгдэж байгаа юм.      

                  Вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой шинжлэх ухааны ойлголтоос хүмүүст мэдээлэл өгөхийн тулд бид түүний /Ц.Өлзийтогтох/ “Дархлаа ба вакцин судлалын үндсэн ойлголтууд” хэмээх онолын номноос цохолборлон авсан хэсгийг толилуулж байна. 

                                                                             Вакцины олгох хэлбэрүүд

                Ихэнх вакциныг тарих замаар олгодог. Амьтны бие махбодийн бүтэц зүйтэй холбоотойгоор ийм замар олгодог бүх вакциныг маш болгоомжтой тарих хэрэгтэй. Иймээс тухайн хүн, амьтанд гэмтэл учруулахгүй, халдвар оруулахгүй байхад ихээхэн анхаарал хандуулах ёстой. Хэрэглэж буй бүх зүү нь ариун бөгөөд хурц байх ёстой. Бохир буюу мохоо зүүнүүд тарьж буй хэсэг газарт эдийн гэмтэл ба халдвар үүсгэнэ. Тарих хэсэг газрын арьс нь цэвэр, хуурай байх ёстой бөгөөд спиртийн илүүдэл хэрэглээнээс зайлсхийх хэрэгтэй. Вакцинууд стандарт тун хэмжээгээр олгогддог бөгөөд энэ тун нь хүн, мал, амьтдын биеийн хэмжээнээс хамаарч хуваагддаггүй байх хэрэгтэй. Вакцины тун нь тариулагчийн жин болон наснаас хамааралтайгаар нарийвчлан тогтоогддоггүй. (тунд дархлааны хариу урвалыг үүсгэх болон дархлааны тогтолцооны эсүүдийг өдөөх хангалттай тоо хэмжээний эсрэг төрүүлэгчүүд байх ёстой. Энэ тоо хэмжээ нь биеийн хэмжээтэй хамааралгүй байна.) Арьсан дор буюу арьсан дотор тарьж вакцинжуулах нь вакциныг олгох хамгийн энгийн бөгөөд нийтлэг арга юм.

            Энэ нь системийн дархлаатай салшгүй уялдаа бүхий өвчнүүдээс сэргийлэх зорилготой бөгөөд цөөн тооны хүн, амьтныг вакцинжуулахад таарах шилдэг арга болох нь илэрхий. Гэвч зарим өвчнүүдийн үед системийн дархлаа нь хэсэг газрын дархлаа шиг чухал бус байж болох бөгөөд ийм нөхцөлд бодит халдлага болж буй хэсэг газарт вакциныг олгох нь илүү зохимжтой байж болох.  Харин вакцинжуулах шаардлагатай хүн, амьтны тоо  маш их байгаа үед өөр аргуудыг ашиглах ёстой. Тухайлбал амьтны тухайд вакциныг мананцаржуулж олгох нь бүлгээрээ байгаа тэдгээр амьтадыг амьсгалын замаар вакцинжуулах боломжтой болгодог. Энэ арга барилыг нохойн гударга, булганы энтерит, шувууны ньюкастл өвчний эсрэг вакцинжуулалтанд ашигладаг. Нөгөө талаар амьтны вакцинжуулалтыг тэжээл болон ундны усанд хийж олгож болно. Энэ аргыг гахайн ёлом, шувууны ньюкастл өвчин, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн халдварт үрэвсэл, шувууны энцефаломиелитийн үед хэрэглэдэг.

Одоо Загасны аж ахуйд халдварт өвчнүүдээс сэргийлэх, тэдгээртэй холбоотой үхлийг үлэмж бууруулахад вакцинжуулалт чухал арга нь болж байгаа. Нийтэд зориулсан арилжааны вакцинуудын олонх нь идэвхгүйжүүлсэн бүтээгдэхүүнээс бүрддэг бөгөөд тэдгээрийг хэвлийн дотор тарих буюу “илүүтэйгээр” шингэлсэн эсрэг төрүүлэгчийн уусмалд загасаа шумбуулах хоёрын аль нэгээр загасанд вакциныг олгож байна.

                                                                            Вакцинжуулалтын алдаа дутагдал

               Вакцин тухайн олгож буй субьектдээ тэр бүрийд хамгаалах дархлаа олгож чадахгүй байх нь элбэг. Вакцин яагаад хамгаалах дархлаа олгохгүй байна вэ гэдэгт олон шалтгаан бий. Үүнд

  1. Буруу олголт: Олон тохиолдолд вакцины алдаа дутагдал нь шаардлага хангаагүй олголтоос шалтгаалдаг. Жишээлбэл муу хадгалалт, амьд бактерийн вакцинуудыг антибиотектэй хамт хэрэглэх, тариурыг ариутгахад химийн бодисуудыг ашиглах, арьсыг арчих үед спиртийн илүүдэл хэрэглээ зэргийн улмаас амьд вакцинуудыг үхүүлэх явдал тохиолддог. Заримдаа вакциныг хэвшсэн бус замаар олгосноос хамгаалж чадахгүй байж болно.  Өөрөөр хэлбэл вакциныг тохирсон буюу батлагдсан стандарт тун хэмжээгээр олгоогүй тохиолдолд үйлчлэхгүй гэсэн үг.
  2. Зөв олголт: Заримдаа вакцин үнэхээр үр дүнгүй байх нь бий. Үйлдвэрлэлийн арга ажиллагаа нь хамгаалагч эпитопуудыг устгасан байж болох буюу тухайн вакцины эсрэг төрүүлэгч нь хангалттай, тохирсон хэмжээнд байхгүй байж болно. Илүү нийтлэг тохиолддог дутадал бол вакцинд хамрагдагч нь дархлааны хариу урвалаа огт дайчлахгүй байх явдал. Биологийн үйл явц, дархлааны хариу урвал нь ерөөсөө туйлын хамгаалалт олгодоггүй бөгөөд вакцинд хамрагдагч бүлгийн бүх гишүүдэд тэгш байх нь огт үгүй. Дархлааны хариу урвалд удамшил зүйн болон хүрээлэн байгаа орчны олон хүчин зүйлс нөлөөлж байдаг учраас олон тооны бүлэг хамрагдагчдын дархлааны хариу урвалуудын цар хүрээ нь жирийн хувиарлалтын тогтолцоог дагах хандлагатай байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл олонх нь амьд дархлааны дундаж хариу урвалаа дайчилж, эсрэг төрүүлэгчид хариу үзүүлж байхад, цөөхөн хамрагдагч хариу урвалаа маш сайн дайчилж, багаахан хувь нь хариу урвалаа муу дайчилдаг. Муу хариу урвал үзүүлэгчдийн энэ бүлэг үр дүнтэй вакцин хүлээж авсан байсан ч гэсэн түүнийг үл хайхран, халдварын эсрэг хамгаалалт олж авахгүй байж болно. Вакцин халдвараас бүрэн хамгаална гэвэл үндсэндээ боломжгүй зүйл. Түүнээс гадна вакцины үр дүн нь өвчний онцлогоос ихээхэн хамаарна. Ийнхүү сүргийн дархлаа муутай, халдварлалт өндөртэй өвчнүүдийн хувьд халдвар маш хурдан, эрчимтэй тархдаг. Тухайлбал шүлхий өвчний үед хамгаалагдаагүй амьтны оролцоотойгоор халдвар тархаж болзошгүй бөгөөд ингэвэл хяналтын хөтөлбөрийг тасалдуулахад хүрнэ. Вакцины алдаа дутагдалын өөр нэг хэлбэр нь дархлааны хэвийн хариу урвал дарангуйлагдсан үед тохиолдоно. Жишээлбэл их хэмжээний паразиттай буюу тэжээлийн хомсдолд байгаа амьтад гэх мэт хамрагдагчид дархлаа нь дарангуйлагдсан байж болох бөгөөд тэдгээрийг вакцинжуулахгүй байх хэрэгтэй. Зарим вирусуудын халдвар дархлаанд хүчтэй дарангуйлал үүсгэх нь бас бий. Хүнд өвчтэй буюу өндөр халуунтай байгаа хамрагдагчийг ер нь вакцинжуулахгүй байх хэрэгтэй. Жирэмслэх, хээл тээх, сульдаа, тэжээллэгийн дутагдал, хэт хүйтэн болон хэт халууны нөлөө зэрэг стресс үүсгэгч нөхцлүүдийн улмаас стеройдын үйлдвэрлэл нэмэгдэж, хэвийн дархлааны хариу урвалыг бууруулж болно.
  3. Хамрагдагчид үр дүнтэй вакцины хүрэлцээтэй тунг олгосон хэдий ч хамгаалалт бий болоогүй байж болно. Хэрэв вакцинжуулсан хамрагдагч тарилга хийхээс өмнө уг вакциныг хэрэглэснээс болж сэргийлэх гэж буй өвчнөөр өвчилчихсөн байх үед олгосон вакцины үр дүн хэтэрхий оройтсон байх болно. Нөгөөтэйгүүр тухайн вакцин нь үүсгэгч организмын буруу омог буюу буруу (хамгаалагч бус) эсрэг төрүүлэгчийг агуулдаг байж болно.  

                                                                              Вакцинжуулалтын таагүй үр дагавар

           Вакцинжуулалт нь голлох халдварт өвчнүүдээс хүн, мал, амьтдыг хамгаалах нэг арга хэвээр байсаар байгаа авч, вакцинуудын хэрэглээ нь эрсдэлээс ангид бус юм. Үлдэц, хоруу чанар, хорон чанар, харшлын хариу урвал, дархлааны хомсдолтой эзэн хамрагдагчийн өвчлөл, мэдрэлийн тогтолцооны эс, эд, эрхтэнг эмгэгжүүлэх үйл явц, урагт үзүүлэх хортой нөлөөлөл зэрэг нь вакцины хэрэглээтэй холбоотой хамгийн ноцтой эрсдлүүд юм. Зөвхөн лицензтэй вакциныг хэрэглэх ёстой бөгөөд үйлдвэрлэгч бүх заавар, зөвлөмж, баталгаагаа маш тодорхой, ойлгомжтой гаргаж, түүндээ баталгаа өгсөн байх нь чухал !

          Вакцинжуулалттай холбоотой эрсдлийн асуудал нь бүхэлдээ философийн асуудал хэвээр үлддэг. Учир нь амьдрал дээр вакцинжуулалтын давуу талуудыг сайтар баримтжуулж, өргөнөөр сурталчилдаг байхад таагүй үйлчлэлтэй холбоотой эрсдэлүүдийн тухайд маш бүрхэг, бараг баримтжуулагдаагүй хийгээд гол төлөв цаашид судлаж тогтоох онолын асуудал байдаг.

          Ц.Өлзийтогтохын “Дархлаа ба вакцин судлалын үндсэн ойлголтууд” номноос              


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 10 =

Create Account



Log In Your Account