“Халзан бүрэгтэйн сонсгол” хийгээд хачирхалтай үзэгдлүүд

By: Admin
2025-10-12
0
349
  1. Шийдвэр, зохион байгуулалт, ажиг сэжиг

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэй хайрханд өрөмдлөг явуулж, түүний улмаас цацраг идэвхт бодис ялгарах, цацрагийн хор хөнөөлд нэрвэгдэх аюул нүүрлэсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж болон Захиргааны байгууллагуудтай холбоотой хууль зөрчсөн, хууль бус асуудлууд олонтоо илэрсэн зэрэг тодорхой, бодит шалтгаануудын улмаас нутгийн ард иргэд тэрхүү уул хайрханыг ухаж хөндөх, уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа зэргээс болж аль 2011 оноос хойш зөрчил мөргөлдөөн үүсч, үндэслэл бүхий гомдол саналууд холбогдох байгууллагуудад гаргасан ч хэлэлцүүлж шийдэхгүй хойргошсоор байсан билээ. Энэчлэн нөлөөллийн бүсийн болон бүс нутгийн иргэдээс эсэргүүцэл өрнөж, төрийн дээд байгууллагуудад удаа дараа гомдол саналууд гаргаж, хамгийн сүүлд 2025 оны 6 дугаар сард УИХ-ын дарга тэргүүтэй эрх мэдэл бүхий нөхөд Ховд, Увс аймгийн холбосон хатуу хучилтай авто замын нээлтийн тууз хайчилахаар ирэхэд нь бүс нутгийн иргэд мөн Халзан бүрэгтэй хайрханы асуудлыг хөндөж хүчтэй эсэргүүцэл, гомдол илэрхийлэн өргөх бичиг, шаардлага гардуулснаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дээр нийтийн сонсгол зохион байгуулахаар газар дээр нь ам өчиг өгсөн юм.

7 дугаар сарын эхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, уг асуудлыг хэлэлцэн, УИХ дээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хугацааг товлож нийтэд мэдэгдсэн бөгөөд сонсголыг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр явуулахаар тогтсон. 9 дүгээр сард орон нутгийн иргэдээс уг сонсголыг газар дээр нь тухайн орон нутагт нь зохион байгуулахыг хүссэн хүсэлтийг (300 иргэний гарын үсэг бүхий) УИХ-аас сонсгол даргалагчаар томилогдсон Б.Баярбаатарт гардуулсан боловч энэ саналыг хүлээн авсангүй. Товлож шийдсэний дагуу сонсгол 9 дүгээр сарын 23-ны өдөр төрийн ордонд болсон бөгөөд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, Ховд аймгаас ард иргэдийг болон нутгийн захиргааны байгууллагыг төлөөлөн очсон 65 хүн, нээлттэй зарын дагуу бүртгүүлсэн 30 гаруй иргэн, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцсон.

Сонсголд оролцохоор орон нутгаас хүрэлцэн очсон иргэдийн төлөөллүүдэд тухайн сонсгол ямар хөтөлбөр дэгээр явагдах тухай мэдээлэл огт байхгүй байсан тул бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нарт хандан, энэ тухай мэдээллийг сонсгол зохион байгуулагчдаас авч өгөхийг хүсэв. 9 дүгээр сарын дундуур сонсгол даргалагч болон ажлын хэсгийн гишүүд Ховд аймагт байдалтай танилцахаар очихдоо орон нутгаас 10 минутыг мэдээлэл хийлгэхээр хөтөлбөрт тусгана. Мөн хууль журмын дагуу мэдээлэл таниулга хийхээр бүртгүүлсэн байгууллага хүмүүсээр мэдээлэл хийлгэнэ гэж амалсан бөгөөд 10-хан минутын хугацаа орон нутгийнхны хувьд чамлалтай байсан юм. Гэтэл хөтөлбөрийг авч үзвэл орон нутгаас болон оролцогчдоос мэдээлэл таниулга хийх цагийг хөтөлбөрт огт тусгасангүй орхижээ. Хөтөлбөрт зөвхөн сонсголыг даргалагч, зохион байгуулагчдын үзэмжээр томилогдсон албаны хүмүүс, шинжээчид гэх нөхдүүд мэдээлэл хийхээр тусгасан байв. Иймээс сонсгол даргалагчид гомдол санал гаргав. Сонсгол зохион байгуулагчид орон нутгийн иргэдийн шаргуу шаардлагын улмаас мэдээллийн цагийг мөн орон нутгийн иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх цагийг сонсголын хөтөлбөрт тусган өөрчилсөн боловч маргааш өглөө нь сонсгол эхлэхийн өмнө бас нэг зөрчил үүсэв. Юу гэвэл урьд орой нь шинэчлэн гаргаж сонсголд оролцогчдод ирүүлсэн, оролцогчдын ширээн дээр тавьсан батлагдсан хөтөлбөрөө сонсгол даргалагч дур мэдэн өөрчилж орон нутгийнхны мэдээллийг хамгийн эхэнд тавиулна хэмээн зарлав. Орон нутгийнхны хувьд албан хүмүүс болон шинжээчдийн мэдээллийг сонссоны дараа шаардлагатай хариулт тодруулгыг өгөх замаар мэдээлэл хийхийг хүсэж байсан тул сонсгол даргалагчийн энэхүү батлагдсан хөтөлбөрөө дур мэдэн өөрчилсөн асуудлыг үл зөвшөөрснөөр энэ асуудлын хэрхэн шийдэх талаар тэнд байсан Улсын их хурлын гишүүдийн дунд санал хураалт явуулав. УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь батлагдсан хөтөлбөрийнхөө дагуу явуулах нь зүйтэй гэж санал өгснөөр сонсгол горим дэгэндээ орж, явагдах боломжтой болсон юм.   

Sons 1sons 3Sons 2

  1. Зөрчил, асуудлууд

“Халзан бүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг нарийвчлан судлах” гэсэн нэртэй уг сонсголыг Нийтийн сонсголын тухай хуулинд заасанчлан УИХ-ын хуралдааны дэгийн дагуу явуулж, сонсголд оролцогчдын эрх, үүргийг нийтийн сонсголын хууль, сонсгол зохион байгуулах журамд зааснаар зохицуулахаар дэг гаргажээ. Хөтөлбөрийн дагуу нийтийн сонсгол Улаанбаатарын цагаар 9.00 цагт эхлэх ёстой байсан бөгөөд оролцогч иргэд, олон түмэн  бүгд цагтаа танхимд орж суудлыг эзэлсэн. Гэвч сонсголд оролцох ёстой УИХ-ын гишүүдээс хэдхэн, 10 хүрэхгүй хүн ирсэн байсан хийгээд УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй хүлээлгэсээр магад 1 цаг 30 минутын хугацааг өнгөрөв. Сүүлдээ сонсголд оролцогч иргэдийн дундаас зарим нэг нь бухимдлаа илэрхийлж эхэлсэн ба ийм байдал хэдэнтээ давтагдмагц сонсгол даргалагч Б.Баярбаатар “өчигдөр УИХ-ын гишүүдэд сонсголыг ирц бүрдүүлж байж явуулна гэсэн мэдээллийг өгөөгүй” гэж хэлсэн нь хачирхалтай санагдав. Тэгснээ төд удалгүй зохион байгуулах ажил хариуцсан хүмүүсийн алдаа байна. Алдаа гарсан хүмүүст дараа нь хариуцлага тооцно” хэмээн цайруулах маягийн үг хэлэв. Ийнхүү нэг цаг 40 минут хүлээгдсэний эцэст сонсгол эхлэв. Хөтөлбөрийн дагуу сонсголын эхэнд Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны сайд Г.Дамдинням, БОУАӨЯ-ны сайд Б.Батбаатар нар мэдээлэл хийхээр байсан ч хэн хэн нь ирж оролцсонгүй. Тэднийг төлөөлсөн газрын дарга нар товч мэдээлэл хийв. Халзан бүрэгтэй ордын өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрөл олгосон үйл явцын талаар шинжээч Х.Лхагвабааатарын мэдээллийг сонсоход уг асуудлыг шинжээчийн түвшинд судлаж, шинжилсэн гэхээр зүйл огт ярьсангүй. Ашигт малтмал газрын тосны газарт байдаг тухайн тусгай зөвшөөрлийн бүртгэл, хөдөлгөөн төдийхнийг уншиж танилцуулснаар мэдээллээ хязгаарлсан нь энэ асуудлыг урьдчилан судалсан төрийн бус байгууллагын төлөөлөл гэх мэт тодорхой мэдээлэлтэй хүмүүсийн хувьд сэтгэлд нь хүрсэнгүй. Тэрчлэн тухайн компаний эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хууль зөрчсөн асуудлуудын талаар шинжээч маань огт дурьдсангүй. Тэгвэл орон нутгийнханд олгосон гэх цаг дээр Халзан бүрэгтэй хайрханыг тойрсон асуудлуудын тухайд нийтийн эрхийн өмгөөлөл хийсэн “Ховдын толь сонин” НҮТББ-аас (Г.Төрмөнх) мэдээлэл хийхдээ шинжээч Х.Лхагвабаатарын гаргаж тавиагүй зөрчлүүдийг илчилсэн нь үйл явцыг гярхай ажигласан хүмүүст бол гайхаш төрүүлэхээр зүйл юм. Тэрбээр “Монголиан нэшнл рийр ийрт корперейшн” ХХК-ны Халзан бүрэгтэй хайрханд эзэмшиж буй газрын ховор элемент ангиллаар авсан 0012335А, 006911А тусгай зөвшөөрлүүд нь Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийг зөрчиж байгаа тул тус хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүйд тооцогдох ёстойг, тэрчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь соёлын өвийн асуудлаар ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2 дахь заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал илрээд байгаагийн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, мөн 40 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болох үндэслэлтэй байна гэдгийг тодорхой мэдээлсэн юм. Мөн сонсгол дээр яригдаагүй ч тухайн компаний түгээмэл тархацтай ашигт малтмал гэх ангилалаар эзэмшиж буй ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийг мөн л хуулийг ноцтой зөрчиж авсныг судалгаа хийсэн ТББ гэрчлэх ажээ. Дашрамд дурдьдахад Монгол дахь 30 гаруй мэргэжлийн төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын “Нөөцийн шудрага ёс” (хуучин нэрээр “ТАН” буюу “Төлсөн авснаа нийтэл “) эвсэл нь “Ховдын толь сонин” НҮТББ-аас явуулсан судалгаа нийтийн мэдэх эрхийн өмгөөллийн ажил дээр магадлал, хамтын туслалцаа үзүүлж, улмаар Халзан бүрэгтэй хайрхан, тэнд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой бүхий л зөрчилтэй асуудлуудыг нягтлан тодорхой тайлан таниулага, нотлох баримтуудын цогц, мөн энэ талаар баримтлаж буй байр суурийн баримт бичгийг бэлтгэн, уг сонсголд оролцогч УИХ-ын хоёр байнгын хорооны гишүүдэд урьдчилан хүргүүлсэн бөгөөд сонсгол дээр ТАН эвслийн удирдах зөвлөлийн гишүүн Уранцоож энэ тухайд товч мэдээлэл өгч, баримт бичгийг хэвэлмэл байдлаар нь сонсгол даргалагчид албан ёсоор гардуулсан юм.  

Шинжээч Х.Лхагвабаатарын мэдээллийн дараа Т.Аззаяа “Газрын ховор элемент, хүдэр, баяжмалыг боловсруулах химийн технологийн талаарх дүгнэлт” нэртэй мэдээлэл хийсэн нь ихэнхдээ урьд нь олон нийтэд тодорхой танигдсан, хэвлэл, цахим талбарт нийтлэгдсэн шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээллүүдээс бүрдэж байсан бөгөөд энэ нь тухайн сонсголын сэдэв, зорилготой шууд холбоогүй мэдээлэл байв. Юу гэвэл энэхүү сонсгол нь Халзан бүрэгтэйд үүсээд байгаа нөхцөл байдлын гол шалтгаан нөхцөл юу болох тухай, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийн тухай яригдах ёстой байтал олборлох ашиглах технологи, олон улсын арга туршилтуудын тухай танин мэдэхүйн мэдээлэл оруулсан нь зохимжгүй гэж харагдаж байгаа юм.

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд Б.Батбаатарын мэдээлэл хийх цаг дээр тус яамны хүрээлэн байгаа орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх мэдээлэл хийв. Газрын дарга тухайн аж ахуйн нэгжийн Халзан бүрэгтэй дэх тусгай зөвшөөрөл дээрх байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах зэрэг ажлууд хэрхэн явагдаж байгаа тухай үйл явцын товч мэдээллийг хэлэхдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын Ерөнхий үнэлгээнд заагдсан зарим шаардлага, тэрчлэн нарийвчилсан үнэлгээ нь шаардлага хангахгүй байгаагаас батлагдахгүй байгаа зэргийг дурьдсан боловч,  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөтэй холбоотой ноцтой асуудлуудыг зориудаар нуун дарагдуулав. Тэрчлэн дээр үгүүлсэн тусгай зөвшөөрөл нь хууль бус байгаа үндэслэлээр дүгнэлт гаргуулахаар тус яаманд хүргүүлсэн өргөдөл гомдлыг хэлэлцэн шийдэхгүй хойргошиж, яамны нөхөд өөрсдөө хууль зөрчин дарагдуулсаар байгаагаа өргөдөл материал нь шаардлага хангахгүй байгаа учраас гэсэн үгээр хайцаалж, худал мэдээлэв. Орон нутгаас буюу “Ховдын толь сонин” НҮТББ-аас хийсэн мэдээлэл, мөн тухайн яамны газрын даргаар 2016-2022 оныг хүртэл ажиллаж байсан Байгаль орчны гавъяат ажилтан Г.Нямдаваа нарын хийсэн мэдээллээр Г.Энхмөнхийн энэхүү үйлдэл нь илчлэгдэж, нэн ялангуяа “Ховдын толь сонин” НҮТББ-ын тэргүүн Г.Төрмөнх “БОУАӨ-ийн яамны газрын дарга Г.Энхмөнхийн орон нутгаас ирүүлсэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах дүгнэлт гаргуулах тухай өргөдөл журмын шаардлага хангахгүй байгаа гэж хэлсэнтэй санал нийлэхгүй, тухайн өргөдөл болон өргөдөлд хавсаргасан нийт 140 хуудас баримт бичиг, нотлох баримтууд нь тухайн асуудлыг хэлэлцэн шийдэх, А/402 дугаартай сайдын тушаалаар батлагдсан журмыг нарийчвлан үзэж түүний дагуу бүрдүүлсэн, уг журмыг бүрнээ хангасан болохыг гэрчлэнэ” гээд, компаний Халзан бүрэгтэй дэх үйл ажиллагаандаа мөрдөх 2023 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг дүгнэсэн дүгнэлт нь 90 хувьтай дүгнэгдсэн гэж яамны газрын дарга Г.Энхмөнх мэдэгдсэн атлаа уг дүгнэлт нь худал хуурамчаар явагдсаныг илчилсэн хөндлөнгийн мониторингийн дүгнэлтийг үндэслэн, Ховд аймгийн Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас, мөнхүү байгаль орчныг хамгаалах асуудлаар хяналт хэрэгжүүлдэг нэр бүхий төрийн бус байгууллагуудаас хүргүүлсэн гомдолд БОУАӨ-ийн яам огт хариу өгөөгүй, хэлэлцүүлж шийдээгүй, хууль зөрчсөөр байгаа тухайгаа ярихгүй нуун дарагдуулсан болохыг нь мэдэгдэж, “БОУАӨЯ-ны газрын дарга Г.Энхмөнх нь сонсгол дээр гагцхүү үнэн зөв бодитой мэдээлэл өгөх хуульд заагдсан үүргээ санаатайгаар хөсөрдүүлж байгаа тул түүнтэй мэтгэлцэх асуудал тулгарч байна” гэсэн юм. Дашрамд дурьдахад төрийн чухал албаны хүн сонсголд үнэн зөв мэдээлэх үүргээ санаатайгаар зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх ёстой билээ.

sons 4sons 5

sons 6sons 7

Байгаль орчны гавъяат ажилтан Г.Нямдаваа мэдээлэл хийхдээ аж ахуйн нэгжийн болон зарим албаныхны зүгээс Халзан бүрэгтэйн ордод цацраг идэвх байхгүй гэж экологийн эсрэг худал сурталчилж байгаа нь илтээр гэмт явдал гэдгийг хэлээд, “энэ  талаар цогц судалгаа хийсэн Оросын эрдэмтэн Коваленко нар, тэрчлэн Монголын эрдэмтэн Д.Энхбат, Ё.Мажигсүрэн, М.Долгор, Германы эрдэмтэн У.Кемпе нар нь цацраг идэвх агуулсан элементүүд байгааг тодорхой заагаад ховор элементийн агуулга өсөх тусам цацраг идэвх нь түүнтэй шууд хамааралтайгаар өсөх нөхцөлтэй байна гэсэн дүгнэлт гаргасныг” танилцуулав. Тэрчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь энэхүү бодит мэдээлэл хийгээд Цөмийн энергийн комиссын дүгнэлтийг хүртэл гуйвуулж, худал мэдээлэл тараасан. Ингэсний хариуд Цөмийн энергийн комиссоос тухайн компанид мэдэгдэл хүргүүлсэн, БОУАӨ-ийн яамны газрын дарга Г.Энхмөнх мэдээлэл хийхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээгээр Нарийвчилсан үнэлгээ заавал хийлгэх техникийн нөхцөл өгснийг дурьдсан атлаа тухайн нарийвчилсан үнэлгээг хийлгэж батлуулах хуулийн хугацаа нэгэнт өнгөрсөн, одоо харин хүчингүй болох болзол хангачихаад байгааг огт дурьдахгүй байгаа зэргийг онцлон сануулав. Мөн тухайн нутаг орчны экологийн онцлогтой холбоотойгоор цацрагийн хор хөнөөл хэрхэн тархах эрсдэлтэйг мөн тоймлон танилцуулав.   

Сонсголын зохион байгуулалтын тухайд ойлгомжгүй зүйлүүд ажиглагдсаныг энд мөн дурьдах хэрэгтэй. Юу гэвэл хөтөлбөрийг боловсруулж батлах, сонсголыг удирдахдаа орон нутгийн оролцогчдын оролцоог хязгаарлаж, мэдээлэл хийх боломжийг хаах гэх мэтчилэн дээр дурьдагдсан зөрчлүүд үүсч байснаас гадна мэдээлэл хийсэн хүмүүсийн мэдээлэх илтгэх хугацааг харилцан адилгүй тогтоож ялгавартай хандсан нь асуултын тэмдэг болов. Тухайлбал сонсголын үндсэн зорилго, төвлөрвөл зохих асуудлаас ихэвчлэн тойрч, зайлж, онц ач холбогдолгүй, хуучирсан голдуу мэдээллээр бөмбөгдсөн яамны сайд, газрын дарга нарт тус бүр 10 минут, шинжээчдэд 20 минутын боломж олгосон атал орон нутгийг төлөөлж тавигдсан хоёр илтгэл мэдээллийг цагаар хавчиж, тус бүрт нь 5 хан минутын боломж олгов. Мэдээллийн чанар, агуулга, уг мэдээллийн цаана буй судалгааны цар хүрээ, хуримтлагдсан баримт материал зэргийг харьцуулвал орон нутгийн мэдээлэл харин ч илүү өргөн цар хүрээтэй байсан атал ийнхүү цагаар хавчсан нь шудрага бус явдал гэж үзэхээр байгаа юм. Тэрчлэн сонсгол даргалагч маань оролцогч иргэн, иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг үг хэлсний дараа тэднийг шүүмжилж дүрэмдэх, маргаж “төгцөлдөх” байдал гаргаж байсан (тухайлбал хууль зөрсөн зүйлүүд байна хэмээн иргэний нийгмийн “ТАН” эвслийн төлөөлөл, “Гол нууруудыг хамгаалах” хөдөлгөөний тэргүүн нар хэлсэнд ихэд эгдүүцсэн сонсгол даргалагч Б.Баярбаатар “та нар хууль зөрчсөн гэж хэлэх эрхгүй. Хууль зөрчсөн эсэхийг ганцхан шүүх тогтоодог юм” хэмээн өөрөө тун хариуцлагагүй үг амнаасаа унагаж, дүрэмдэв) мөрт албан тушаалтнууд болон өөрсдийн томилсон шинжээчдийг үг хэлэхэд ямар нэг цензур, хязгаарлалтын шинжтэй үг огт хэлэхгүй байсан юм. Тэрчлэн үг хэлэхээр бүртгүүлсэн зарим нэг хүмүүсийг огт үг хэлүүлээгүй асуудал ч гарав.   

Сонсголыг Монголын үндэсний телевизээр шууд дамжуулан үзүүлж, бичлэг нь цахим санд хадгалагдсан тул мэдээлэл хийсэн, үг хэлсэн, асуулт асууж хариулт өгсөн бүхнийг энд давтан тодруулах шаардлагагүй гэж үзэв. Гагцхүү ажиглагдсан анхаарвал зохих, цаашид нийтэд анзаарага, сургамж болгох шаардлагатай гэж үзсэн зүйлүүдээс дурьдахад зарим нэг УИХ-ын гишүүн тухайлбал УИХ-ын гишүүн Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд асан Б.Бат-Эрдэнэ нарын зарим нэг гишүүд асуудлыг гуйвуулж, сонсголын гол асуудалтай төдийлөн холбоогүй асуудлууд босгож тавих (тухайлбал өөрийг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд байх үед орон нутгаас хүргэгдсэн өргөдөл гомдлуудад огт хариу өгөөгүй, тухайн асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдэх чиг үүргээ хөсөрдүүлсээр ирсний хариуцлагыг хүлээх гол хүн мөн атлаа “Халзан бүрэгтэйн орд дээр байгаль орчин бохирдуулсан, хордуулсан, хүн, мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлсэн зүйл байгаа юм уу? Баримтжуулаад акт тавиад хариуцлага ногдуулсан зүйл байгаа юм уу? гэх мэтээр мэдэн будилсан зориудаар тохиролцсон маягаар мушгисан асуулт тавих), зориудаар шалтаг гаргаж нэр бүхий сонсголд оролцогч руу дайрах (яг тухайн мөчид яригдаж байсан зүйлтэй болон сонсголын гол зорилготой холбогдолгүй зүйл босгож, “2004 онд Халзан бүргэтэйн ордод тусгай зөвшөөрөл олгосон тухай баримтан дээр тэр үед Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Нямдаваагийн гарын үсэг байна” хэмээн баримтыг үзүүлж, тухайн үед зөвшөөрсөн санал өгсөн мөртлөө өнөөдөр экологид сөрөг нөлөө үзүүлж байна, хууль зөрчиж байна гэж ярьдаг, УИХ, яамыг шүүмжилдэг чи хэн юм” гэсэн утгатай үгээр Г.Нямдаваа руу давшлаж, сонсголын сэвдийг хоёр хүний хэрүүл болгох гэж оролдов), мөн УИХ-ын гишүүн Ө.Шижир гэгч нь сонсгол дээр яригдаж буй Халзан бүрэгтэйн ордын байгаль орчинд үзүүлэх, сөрөг нөлөөлөл, эрсдлийн шинжлэх” гэсэн асуудлаасаа төөрч, “Дэлхийн нэг номерийн тэрбумтан Элон Маск газрын ховор элементээр хамтарч ажиллах боломж юу байна. Бид хөрөнгө оруулъя” гэж 2023 онд Монгол Улсын Ерөнхий сайдтай ярьсан. Ийм боломжийг алдаж болохгүй. Аж үйлдвэр эрдэс баялгийн яам иргэдэд ухуулга хийх ёстой гэсэн утгатай зйл ярьж, элийрэх гэх мэт сонсголын тухай хууль дэгд нийцэхгүй байдлууд гаргаж байсан авч сонсгол даргалагч тэдэнд ямар нэг сануулга өгсөнгүй.  

  1. Үйл, байдлыг дэнслэх нь

Газрын ховор элемент нь цөмийн энергийн тухай хуулинд заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалын ангилалд багтаж байна гэдгийг мэдээлэл хийсэн хүмүүс тодорхой баримтаар илтгэсээр байхад (Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.15-д тус тус заасанчлан газрын ховор элемент нь цацраг идэвхт ашигт малтмалд хамаарагдах бөгөөд тухайн ашигт малтмалыг хайх олборлоход цөмийн энергийн хуулийг зайлшгүй дагаж мөрдөх учиртай) УИХ-ын зарим гишүүд мэдэн будилж, газрын ховор элементийг хайх олборлохтой холбоотой асуудлыг ашигт малтмалын хуулийн дагуу авч үзэх үү, (энгийн ашигт малтмалд хамааруулах уу гэсэн үг) эсвэл цөмийн энергийн хуулийн дагуу авч үзэх үү гэдэг талаар бодлого гаргах хэрэгтэй гэсэн ойлгомжгүй сонин саналыг удаа дараалан дэвшүүлж байсан нь хачирхалтай санагдав. Сонсгол даргалагчийн зүгээс “Монгол Улсын Засгийн газар нь газрын ховор элементийн талаар баримтлах ямар ч бодлогогүй явж байгаа юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ” гэсэн өөрийн бодлоо даргалагчийн суудал дээрээс тунхаглав. Дашрамд дурьдахад сонсголд оролцсон УИХ-ын гишүүдийн хувьд орон нутгаас сонгогдсон гишүүд их төлөв иргэдийн бодол саналыг ойлгож, тэдэнтэй санал нэгдэж байгаагаа илэрхийлж байсан бол хотын тойргоос сонгогдсон, хөдөөний амьдралаас хол хөндий УИХ-ын гишүүд иргэдийн хэлсэн үгийг үгүйсгэх, мушгих, аж ахуйн нэгжийг илт хамгаалах агуулгатай үг хэлэх нь олонтоо ажиглагдсан.

Сонсгол дээр өөрийгөө төрийн агентлагийн газрын дарга хэмээн танилцуулж үг хэлсэн Жадамбаагийн Отгонбаяр гэгч нь 2024 онд болсон Иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр нэр бүхий иргэдийн нэр, зургийг оруулсан “гүтгэлгийн пост” бэлтгэн, нийтийн цахим сүлжээгээр идэвхтэй цацаж, иргэдийн нэр төрд халдаж доромжилж байсан этгээд атал өнөөдөр төрийн агенлагийн газрын дарга хэмээн өөрийгөө танилцуулж, нийтийн сонсгол дээр цэцэрхэж суугаа нь зохисгүй санагдав. Энэ мэтээс харахад манай төрийн албаны хүмүүсийн ёс суртахууны үнэлэмжийн асуудлыг анхаарч харах шаардлага байх шиг. Тэрчлэн сонсголыг мэдээлэх хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны тухайд ажиглагдсан зүйлсийг дурьдвал танхимд тоймтой хэдхэн л сэтгүүлч харагдсан бөгөөд завсарлаад хонгилд гарахад камер барьсан телевиз, сайтын сэтгүүлчид цөөнгүй. Сонсгол дээр тодорхой баримт дэлгэж, гогцоо асуудлуудыг ярьсан хүмүүсээс бус харин бараг л урьдчилан тохирсон бололтой гэмээр эрээвэр хураавар нөхөд басхүү эрх мэдэлтэй голдуу хүмүүс рүү хошуурах нь элбэг байсан юм. Зарим цахим сайтууд сонсголын үеэр мэдээлэл хийсэн хүний бичлэгт тайлбар өгөхдөө ярьсан зүйлийг нь тэс өөрөөр гуйвуулж (анзаарч ойлгоогүй, эсвэл санаатай алин болохыг бүү мэд) тайлбар бичсэн зэрэг нь хэвлэл мэдээллийн салбарын боловсон хүчний чадавхийг илтгэх нэг үзэгдэл болж байгааг ч дурьдахад илүүдэхгүй юм. 

Тэрчлэн УИХ-аас гаргасан сонсголын тайланд уг сонсголыг МҮОНРТ шууд дамжуулсныг дурьдаснаас гадна 13 мэдээллийн сайт, 8 телевиз сонсголыг мэдээлсэн гэжээ. Эдгээр мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх мэргэжлийн зарчимаа хэрхэн баримтлаж ажилласан тухайд шүүмжлэлтэй зүйл арвин байна. Юуны өмнө сонсголоос контент бэлтгэж цацсан мэдээллийн сайт, телевизүүдийн аль нь ч шүүмжлэлтэй асуудлуудыг мэдээлэлдээ оруулаагүй. Үндсэндээ нэг талыг баримтласан өнгө аяс, агуулгатай контентүүдээр олон нийтийг бөмбөгдсөн. Орон нутгаас мэдээлэл хийсэн, бодитой баримттай асуудал, зөрчлийн талаар ярьсан хүмүүсийн үг яриа тэдгээр мэдээллийн хэрэгслүүдийн контентэнд байр зайгаа эзлээгүй. Зарим сайт, телевизүүд энэ тухай яриа, ярилцлага авсан ч түүнийгээ гаргаагүй, үнэнийг зориудаар нуун дарагдуулсан (ямар ямар мэдээллийн хэрэгсэл хэнээс яриа авснаа гаргаагүй нь баримттай зүйл) нь хачирхалтай санагдаж байгаа юм. Энэ байдлаас харахад сонсголыг сурвалжилж мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ашиг сонирхлын зөрчил ихтэй, тохироо, үгсэн хуйвалдаан байгаа гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлж байна.

Сонсгол явагдаж өнгөрсний дараа, сонсголын тайлан гарахаас өмнө сонсгол даргалагч Б.Баярбаатар “Ийгл” телевизийн сувгаар хөтлөгч Балжинямтай ярилцаж, түүнийгээ олон нийтэд түгээлгэжээ. Хэвлэл мэдээллийн байгууллага сонсгол даргалагчаас ярилцлага авах нь байж болох ч тухайн ярилцлагад сонсгол даргалагч бодит байдлыг илт гуйвуулсан, худлаа зүйлүүдийг, хэт нэг талыг баримтласан, сонсголын учир зорилгыг гажуудуулж, төөрөгдүүлсэн зүйлүүд ярьж, түүнийгээ нийтэд цацуулсан нь ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл гаргав. Үүнд сонсгол дээр яригдсан талуудын эсрэг тэсрэг байр суурьтай, эш баримттай мэдээллүүдийг харгуулан нягтлах, үнэн мөнийг олох ямар ч оролдлого хийгээгүй атлаа зориудын худал дүгнэлт хийж:

  • Тусгай зөвшөөрлийн тухайд хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй нь шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон мэтээр;
  • Халзан бүрэгтэйн орд газарт хэрэв олборлолт хийвэл ямар нэг хаягдал, түүн дотор цацраг идэвхт хаягдал гарахгүй мэтээр;
  • Сонсголд оролцогчдын дунд гадны агентаас санхүүждэг, “шантаажид”, Улсын эсрэг үйл ажиллагаа явуулагчид байгаа, түүнийг шалгаад тогтоочихсон мэтээр (маш хариуцлагагүй яриа, иргэдийг, оролцогчдыг санаатайгаар доромжилсон гүтгэлэг);
  • Хариуцлагатай уул уурхайг тодорхойлох ямар ч тодорхой ойлголтыг дэлхий нийт бий болгоогүй мэтээр;
  • Цацраг туяа нь ямар ч хор хөнөөлгүй, шүдний рентген, тамхины утаанаас ч бага хортой байдаг мэтээр;
  • Малын ургийн гажиг үүссэн нь адууны баас, машины дугуйгаар хорт ургамалын хор тээгдэж очсоноос болсон гээд тогтоочихсон мэтээр;

- Халзан бүрэгтэй төслийг “шантааж” хийж, ашиг олдог хэдэн нөхөд л эсэргүүцээд байгаа мэтээр, түүнийг өөрөө нотолчихсон мэтээр хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй, бодит байдлыг гажуудуулсан гэхэд маш явуургүйгээр гажуудуулсан зүйлүүдийг ярьсан нь ёс зүйн хувьд огт байж боломгүй зүйл юм.

2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр уг сонсголыг зохион байгуулсан ажлын хэсэг болон УИХ-ын байнгын хорооноос Халзан бүрэгтэйн газар ховор элементийн орд газартай холбогдох асуудлаар явагдсан ерөнхий хяналтын сонсголын тайлан дүгнэлтийг гаргаж албан ёсоор нийтэлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч түүнтэй хальт мөлт танилцсанаа үндэслэн, тухайн асуудлаар УИХ-аас шийдвэр гаргасан мэтээр дэгсдүүлж бичсэн гарчигтай, мэдээллүүдийг олон нийтэд цацацгаав. Гэвч сонсголыг ажиглагчид, сонсголд оролцогчид, хөндлөнгөөс тодорхой хяналт тавьж ажилласан байгууллага, хүмүүс УИХ-аас гаргасан уг тайлан дүгнэлтэнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Орон нутгаас сонсголд оролцсон оролцогчдын дийлэнх олонх нь тэрхүү тайлан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бүхэлдээ хийсвэр дэгс тайлан болсон байна гэж үзэцгээж байна. Тиймээс холбогдох талууд, оролцогчид, ажиглагчид хамтран сонсголын тайланд шүүмж гаргаж, бүүр холбогдох газруудад өргөдөл гомдол хүргүүлэхээр болоод байгаа ажээ. Манай редакци дараагийн дугаартаа энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншигчдад хүргэх болно. 

           Редакци

sons 8

 

 

 

            

     

 

   

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 2 =

Create Account



Log In Your Account