“ЖАНГАР”-ЦАЙНЫ ЗАМ – IҮ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ӨВ СОЁЛЫН НААДАМ

By: Admin
2024-04-29
0
457

2017 оноос Ховд аймагт уламжлал болон явагдах болсон, “Цайны зам” өв соёлын наадам нь аялал жуулчиллыг хөгжүүлэх зорилгын хүрээнд хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөгдсөн байдаг бөгөөд өдгөө дөрөв дэх удаагаа болж байгаа юм. “Цайны зам-IҮ” аялал жуулчлалын “эвент” /онцлон дэлгэрүүлэх/ арга хэмжээ 2023 оны 9 дүгээр сарын 25-аас 29-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ярьснаар энэ удаагийн наадмыг “Жангар-Цайны зам” гэж нэрлэсний учир нь Булган суманд хийгддэг байсан “Жангар” өв соёлын наадмыг аймгийн хэмжээнд нэгтгэж хийхээр болсон бөгөөд түүнийгээ “Цайны зам” аялал жуулчлалын наадамтай хамтатгаж анхдугаар наадмыг зохион байгуулан “нэг сумаар хоёр туулай буудсан” юм байх. Гэсэн ч хөтөлбөрийн дагуу зохиогдсон үйл ажиллагаанууд нь урьдны “Цайны зам” наадмын хүрээнд явагддаг зүйлүүдийн нэг хэсэг л байв.
Ховд аймагт аялал жуулчиллыг хөгжүүлэх хөтөлбөр, зорилтын хүрээнд 10 орчим эвент арга хэмжээг тогтмолжуулан явуулж байхаар тусгасны дотор “Баруун Монголчуудын олон угсаатан, үндэстний цайны соёлоор дамжуулан, “Цайны баяр”-ыг жил бүрийн 9 сарын сүүлийн амралтын өдрүүдээр хийж занших. Цайны баярын хөтөлбөрийн дагуу Ховд аймгийн угсаатны бүлгүүд, сумуудын оролцогчид өөрийн онцлог болсон уртын дуу, тууль, цуур, бий бийлэг хөөмэй, уран нугаралт гэх мэт соёлын өвөө олонд дэлгэн, бас шинэ ногоо, жимс жимсгэнэ, төрөл бүрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зэргийн яармаг худалдааг 3-5 хоногийн турш зохион байгуулж байхаар тогтсон байдаг.
Хөтөлбөрийн дагуу энэ удаад тэмээн жингийн үзүүлбэр, олон улсын туулийн наадам, “ут дуу”-ны наадам, цайны соёлын үзүүлбэр, “Жангар-Цайны зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, уран бүтээлийн үзэсгэлэн, орон нутгийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, угсаатнуудын соёлын үзүүлбэрүүд гэсэн төрөл зүйлүүдийн хүрээнд үйл явдлууд өрнөв. “Цайны зам” наадмын хүрээнд Ховд аймгийн нутаг дахь аяллын таван маршрутаар аялах аяллыг мөн аялал жуулчиллын тур оператор /зуучлан зохион байгуулагч/ компаниудтай хамтран явуулдаг байсан боловч өнгөрсөн жилээс хойш тэдгээр аяллыг хөтөлбөрт оруулахгүй байгаа билээ. Дашрамд онцлоход тур операторууд болон аялал жуулчлалын чиглэлээр Ховд аймагтай хамтран ажиллах сонирхолтой компаниудад мэдээлэл болгож хүргэх хамгийн чухал зүйл бол энэхүү таван чиглэл дэх аяллын маршрут болно.
JTsZ 1 

Зэргэлдээ аймагт зохиогддог “Бүргэдийн баяр” эвент наадамтай харьцуулахад Цайны зам наадамд жуулчид, сонирхогчид цөөн ирдэг хэвээр, энэ удаад ОХУ, Шинэ Зеланд зэрэг улсаас 20 орчим жуулчин иржээ. ОХУ-аас ирсэн хүмүүс нь гол төлөв энэ үеэр зохиогдсон эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирсэн судлаачид байв. Ховд аймгийн аялал жуулчиллын холбоо гэхчлэн яг уг арга хэмжээний зохион байгуулалтанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэвэл зохих олон нийтийн болон хувийн хэвшлийнхэн зохион байгуулалтанд нь оролцоогүй, харин орон нутгийн Захиргааны болон төрийн байгууллагууд хариуцаж зохион байгуулж байгаагаараа зэргэлдээ аймаг хийгээд бусад газруудаас ялгаатай. Мөнхүү зохион байгуулалтын ийм арга барил нь жуулчин татахад төдийлөн таатай нөлөө үзүүлэхгүй байж ч болох юм. Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг 2014 онд батлан 2018 он хүртэл хэрэгжүүлж, үүний хүрээнд “Цайны зам” олон улсын эвент” гэх арга хэмжээг 2017 оноос хойш дөрвөнтээ зохион байгуулахад төсвийн хөрөнгөөс магад тэрбум илүү төгрөгийн зардал гаргасан авч, уг үйл ажиллагааг төсвийн дэмжлэггүйгээр хийх нөхцөлийг бүрдүүлж чадаагүй, уг наадам, арга хэмжээний үр дүнд орон нутагт орж ирж байгаа орлого гэх юм бол зарцуулсан зардлынхаа 10 хувьд лавтай хүрэхгүй хэвээр байна. Ийм нөхцөлд бид яах ёстой вэ гэсэн бодлогын шийдлийн талаар эрэгцүүлж бодох шаардлага зайлшгүй урган гарч байна гэсэн үг!

Олон угсаатны цай чанах соёлыг патентжуулж, нэг ёсны бренд болгоно хэмээн төлөвлөсөн гэдэг ч (урьд жилүүдэд яригдсаар ирсэн) одоодоо хэрэгжсэн нь үгүй бололтой. Аяллын маршрутуудын мэдээллийг улс, олон улсад түгээн сурталчилах, тур операторуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, аялагч жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх талаар тодорхой ахиц дэвшил гаргах явдал хүлээгдсэн хэвээр байна гэж болно. Ямар ч атугай эртний түүхт олон улсын худалдааны их замын улбаа мөрийг дагуулж, угсаатны цайны соёл, соёлын биет бус болон биет өв уламжлалд дулдуйдан бий болгосон “ЖАНГАР-ЦАЙНЫ ЗАМ” хэмээх аялал жуулчлал, өв соёлын энэхүү наадам нь Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ашиглаж болохуйц үнэтэй санаа мөн гэдгийг чухалчлахын дашрамд цаашид, нэн ялангуяа бодлогын түвшин дэх алдаа дутагдлаа нягтлан харж, илүү үр өгөөжтэй болгох явдал хүлээгдсээр байгааг цохлон дурдая.

JTsZ 2

   JTsZ 3


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 1 =

Create Account



Log In Your Account