Ховд аймгийн иргэдийн амны хаалтаар хангахад “Дэлхийн зөн” туслана

By: Admin
2024-11-01
0
1075

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Дэлхийн зөн ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газраас 5000 амны хаалт хийхэд хүрэлцэхүйц, зориулалтын материалыг худалдан авч, тус аймаг дахь маск үйлдвэрлэх оёдлын цехүүдэд нийлүүлэхээр болжээ.

 “Говид 09” хэмээгдэх болсон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, орон нутгаас оёдлын үйлдвэр, цехүүдээ түшиглэн, эхний ээлжинд төв суурин газар амьдарч буй 40000 иргэнийг амны хаалтаар хангах ажлыг зохион байгуулахаар аймгийн удирдлагаас шийдвэрлэсэний дагуу энэ санаачилгыг гаргаж байгаа юм байна. Иргэдийг амны хаалтаар хангах ажлыг сум бүрт зохион байгуулахыг сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт мөн үүрэг болгосон аж.  

Мөн Дэлхийн зөн ОУБ-ын Ховд дахь орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газраас хүүхэд хамгаалал, орон нутгийн оролцоо, өрхийн амьжиргаа болон даван туулах чадварыг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийн зорилтот сум болох Манхан, Зэрэг, Мянгад, Дөргөн сумын 126 өрхийн 422 хүүхдэд тэжээллэг хоол хүнс, 50 өрхийн 125 хүүхдэд түлээ, нүүрсний дэмжлэг үзүүлэн ажилласан байна.

Цаашид зорилтот бүлгийн 350 орчим малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлэх, хөтөлбөрт хамрагдаж буй 2500 хүүхэд болон тэдний гэр бүлд гар ариутгагч, бактерийн эсрэг савангийн багц, томуу, томуу төст өвчин болон коронавирусээс хэрхэн сэргийлэх талаарх гарын авлага тараах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 8 =

Create Account



Log In Your Account