“Халзан бүрэгтэй” төслийн талаарх “Нөөцийн шударга ёс” (НШЁ) иргэний нийгмийн эвслийн байр суурь

By: Admin
2025-12-02
0
198

Баримт-Анализ

2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрийн ордонд болсон “Халзан бүрэгтэй”-н ордын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг нарийвчлэн судлах нь” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол дээр танилцуулж, сонсгол даргалагчид гардуулан өгсөн  “Нөөцийн шударга ёс” (хуунчаар ТАН “Төлсөн, авснаа нийтэл” эвсэл) олон улсын эвслийн Монгол дахь гишүүн байгууллагуудын байр суурийн баримт бичгийг тухайн газрын зөвшөөрөлтэйгээр нийтлэж байна.

“Төлсөн авсанаа нийтэл” эвсэл (цаашид ТАН эвсэл гэх) нь 2006 он байгуулагдсан, эрдэс баялгийн салбарт ил тод, нээлттэй, хариуцлагатай сайн засаглалыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилго бүхий, 30 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн иргэний нийгмийн эвсэл юм. ТАН эвсэл нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын албан ёсны нэг оролцогч тал бөгөөд Монгол Улсад уг санаачилгыг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн  гишүүнээр тасралтгүй, үр нөлөөтэй ажиллаж ирлээ.

“Халзан бүрэгтэй” төслийн явцад Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон хууль тогтоомжийг зөрчиж байгаа нь цаашид энэ төсөл хариуцлагатайгаар хэрэгжинэ гэх итгэл төрүүлэхгүй байна.

Тусгай зөвшөөрөл нь хууль бус болох талаар:

  • Цөмийн энергийн тухай хууль батлагдахаас өмнө авсан тусгай зөвшөөрлүүдийг шинэчлэн бүртгүүлээгүй: Халзан Бүрэгтэй дэх “Монтем” ХХК-ны эзэмшиж байсан 2797Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл анх 2000 онд, 12335А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл  2001 онд[1], 6911А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл 2004 онд тус олгогджээ. Эдгээр тусгай зөвшөөрлүүд нь 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгогдсон бөгөөд 2011 онд “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК шилжүүлэн авчээ. Харин Халзан Бүрэгтэй ордод агуулагдах газрын ховор элемент нь цацраг идэвхт ашигт малтмал болохын хувьд[2]  2009 онд батлагдсан Цөмийн энергийн тухай хуулийн дагуу нэг жилийн дотор шинэчлэн бүртгүүлэх ёстой байв[3]. Учир нь цацраг идэвхт ашигт малтмалын үйл ажиллагаанд  аюулгүй байдлыг хангаж, хүрээлэн буй орчин, хүн амыг сөрөг нөлөөнөөс хамгаалахын тулд ердийн ашигт малтмалаас илүү өндөр шаардлага тавьдаг. Тодруулбал, Цөмийн энергийн тухай хуулиар цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд Ашигт малтмалын тухай хуульд зааснаас даруй 18 нэмэлт шаардлага тогтоосон бөгөөд түүнийг хангаж буйг нотлох нийт 9 баримт бичгийг тусгай зөвшөөрөл авах үедээ бүрдүүлсэн байх ёстой. 

Гэтэл Халзан бүрэгтэй төслийн тусгай зөвшөөрлүүдийг Цөмийн энергийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн шинэчлэн бүртгүүлээгүй нь нэн эрсдэлтэй бөгөөд дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хангалттай үндэслэл юм[4].  Энэ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын зөвлөмжөөр байгуулагдсан “Халзан бүрэгтэй орд газарт хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн тайлан”-аар нотлогдож байна.

  • Тусгай зөвшөөрлийг хууль бусаар шилжүүлсэн талаар: Монтем ХХК 2008 онд тусгай зөвшөөрлүүдээ Худалдаа хөгжлийн банк-д барьцаалан зээл авсан боловч төлж чадаагүй. Ингээд ХХБ 2011 онд өөрийн үүсгэн байгуулсан“Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ний нэр дээр 2797Х, 6911А, 12335А тоот тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авчээ. Энэ нь Цөмийн энергийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд  заасан “Тусгай зөвшөөрөл болон энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хориглоно” гэсэн шаардлагыг зөрчсөн байна.
  • Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчиж буй талаар: 2797Х тоот хайгуулын талбайд соёлын өвийн дурсгал тогтоогдсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрджээ. Тодруулбал, 2012 онд хийгдсэн тус төслийн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний тайланд “тусгай зөвшөөрлийн талбайд соёлын дурсгалт зүйл байхгүй” гэж дүгнэсэн боловч 2022 онд тус талбайд хийгдсэн археологийн судалгаагаар 10 гаруй соёлын өвийн үл хөдлөх дурсгал илэрч, Соёлын өвийн үл хөдлөх дурсгалын улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгджээ. Ашигт малтмалын тухай хуулийн 56 зүйлийн 56.1.7-д зааснаар хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай. Тэрчлэн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээгээр соёлын өв байхгүй гэж дүгнэн 2022 оныг хүртэл хайгуулын үйл ажиллагаа явуулсан нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасан археологийн судалгаа хийлгэлгүйгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох заалтыг зөрчсөн байна.

Цөмийн энергийн тухай хуулийг зөрчиж буй талаар: 

  • Тухайн төсөл болон түүнийг хэрэгжүүлэгч нь Цөмийн энергийн тухай хуульд заасан дараах шаардлагуудыг хангахгүй тул Халзан бүрэгтэйн газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хүндрэлтэй талаар дээрх Ажлын хэсэг ийнхүү дүгнэжээ.
  • “Газрын ховор элемент боловсруулах технологи нь их хэмжээний хаягдал үүсгэхээр байна. Үүний дотор цацраг идэвхт хаягдал багагүй хэмжээгээр гарах бөгөөд төслийн үндсэн баримт бичгүүдэд энэ талаар огт тусгаагүй, энэ талаар тодорхой ойлголтгүй байна” гэжээ. Энэ нь төслийн үйл ажиллагаа Цөмийн энергийн тухай хуулийн 17.1.1-д заасан” техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байх” шаардлагыг хангаж чадахгүй байгааг харуулж байна.
  • Ажлын хэсэг “Технологийн хувьд дэлхийн хэмжээнд тогтсон сайн туршлага нэвтрүүлэхээр сонголт биш байна” гэж үзжээ. Энэ нь Цөмийн энергийн тухай хуульд заасан “цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах олон жилийн туршлагатай байх[5]”, “цацраг идэвхт ашигт малтмалын ордын нөөцийг бүрэн ашиглах тэргүүний технологитой байх[6]”;”цацраг идэвхт ашигт малтмалыг боловсруулах, ашиглахдаа эдийн засгийн илүү үр ашигтай, дэвшилтэт технологи ашигладаг байх[7]” шаардлагуудыг төсөл хэрэгжүүлэгч компани хангаж чадахгүй байгааг харуулж нийцэхгүй байна.
  • Мөн Ажлын хэсгийн тайланд “Ордыг ашиглахад гарах зардал, олох орлогыг байгаль орчныг нөхөн сэргээх, хаягдлын менежментийг олон улсын болон үндэсний дүрэм, журам, стандартын дагуу хийхэд гарах зардалтай харьцуулсан судалгаа байхгүй. Өмнө хийгдсэн судалгаагаар тус ордын хувьд хариуцлагатай уул уурхай явуулахад төвөгтэй, нөхөн сэргээх, хаягдлын менежментийн зардал нь өндөр учраас ордыг ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж үзсэн байна” гэжээ. Энэ нь Цөмийн энергийн тухай хуулиар тогтоосон “цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалт хийх санхүүгийн чадавхтай байх[8]”, “байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт хийх санхүүгийн чадавхтай байх[9]” шаардлагыг хангахгүй болохыг харуулж байна.
  • Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн Халзан бүрэгтэй орд газрын талбайд хийгдсэн цацраг идэвхт изотоп, түүний идэвхжилийг тодорхойлох шинжилгээгээр маш олон үзүүлэлт өндөр буюу хяналтаас чөлөөлөх түвшний утгаас хэтэрсэн байгааг тогтоож, компанид тодорхой шаардлагууд хүргүүлснийг[10] болон эдгээр шаардлагын хэрэгжилт одоо болтол тодорхойгүй байгааг анхаарах нь зүйтэй.

Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийн талаар:

  • 1997 оны болон 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн аль алинд заасны дагуу[11] хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ) батлуулах ёстой атал 2022 оныг хүртэл БОМТ төлөвлөгөөгүй явж ирсэн. Анх удаа 2022 онд БОМТ батлуулсан боловч уг төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль (БОНБҮтХ), Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн хууль бус болохыг 2023 оны 4 сарын 29-ны УУХҮЯ-ны улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоож хүчингүй болгожээ.
  • Ийнхүү хүчингүй болсон БОМТ-г 2023 оны 5 сард БОАЖЯ дахин хянаж баталсан боловч мөн л Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хянан батлах, тайлагнах, хяналт тавих журмыг[12] зөрчин өмнөх жилийн БОМТ-ийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчин Сонсох ажиллагаа хийлгүй батлагдсан зөрчилтэй болно. 

Олон улсын хэм хэмжээ

 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ) хүний эрхийг “хамгаалах, хүндлэх, сэргээх” НҮБ-ын суурь зарчмыг хэрэгжүүлэх “Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг баталж, гишүүн орнуудад хэрэгжүүлэхийг уриалсан. 2015 онд НҮБ-ын ХЭЗ Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын хоёр дахь удаагийн тайланг хэлэлцэх үеэр Нидерланд Улсаас Бизнес ба Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж бизнесээс хүний эрхэд учруулж буй сөрөг нөлөөллийг бууруулах зөвлөмж өгсөн. МУ-ын  Засгийн газар энэ зөвлөмжийг хүлээн авч ГХЯ-ны дэргэд 2016 онд Бизнес ба хүний эрхийн үндэсний төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. 2020 онд тус Ажлын хэсгийг төр, төрийн бус болон хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 61 гишүүнтэй болгон шинэчлэн байгуулсан. 2023 оны 6 сарын 14-нд “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.

Эрчим хүчний шилжилттэй холбогдуулан зах зээлийн эрэлт нь хурдтай нэмэгдэж буй энэ цаг үед,  кобальт, литий, зэс болон газрын ховор элементүүдийн нөөц ихтэй хөгжиж буй улсуудад тэдгээрийг олборлон үр шимийг нь иргэддээ  хүртээх, эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг сахих, байгаль орчны тэнцвэрийг хадгалах, нийгмийн хөгжлийг хэрэгжүүлэхэд олон асуудал тулгамдаж байна. Эдгээрийг шийдэх зорилгоор  Эрчим хүчний шилжилтийн чухал ашигт малтмалын үйл ажиллагааны НҮБ-ын Удирдамжийг 2024 онд боловсруулан хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудад хэрэгжүүлэхийг уриалсан. Энэ удирдамжаар хүний эрх, байгаль орчин, шударга ёс, нийтэд хүртээмжтэй хөгжил, шударга хариуцлагатай хөрөнгө оруулалт, ил тод хариуцлагатай авлигаас ангид засаглал, энх тайван аюулгүй байдлын төлөө хамтран ажиллах долоон зарчмыг НҮБ-ын гишүүн орнууд, үндэсний болон үндэстэн дамнасан бизнесийн байгууллагууд  хэрэгжүүлэх юм. Удирдамж  хүний эрхийг цөмд нь тавьж, улс орнуудаас хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх, хэрэгжүүлэхээр олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргүүдэд тулгуурласан.   

Уурхайн төслүүд, ялангуяа шилжилтийн чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт   нь нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, мэдээлэл авах зэрэг олон эрхийг дахин дахин зөрчих өндөр магадлалтай, хамрах хүрээ өргөн, үзүүлэх нөлөөлөл нь ноцтой байх эрсдэлтэйг үргэлж анхаарч байгаль орчинд халгүй технологи хэрэглэх, эдийн засгийн үр шим нь өндөр, хөгжилд бодитой хувь нэмэр оруулах төслийг л хэрэгжүүлэх шаардлагатай. 

Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлж буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь бизнесийн эрх ашгийнхаа үүднээс хүний эрхийг болон нийтийн эрх ашгийг зөрчих, илт түрэмгийлэх хандлагыг гаргасаар ирсэн. Тухайлбал байгаль орчны үнэлгээ, төлөвлөгөөнд санал авч, иргэдээр зөвшөөрүүлэхийн тулд нөлөөллийн бүсийн иргэд, айл өрхүүдэд албаар эд зүйл өгөх гэж тулгах, нэг талыг барьсан суртал ухуулга хийж бизнесийн эрх ашгаа хүчээр тулгах (нутгийн иргэд гэрчилдэг), зарим хэвлэл мэдээлэлд мөнгө төлж, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүгнэлт зэргийг, албаар гүтгэж худал мэдээлэл тараалгах (энэ талаар ЦЭК зэрэг мэргэжлийн байгууллагаас тус компанид шаардлага хүргүүлсэн асуудал бий), үзэл бодлоо гаргасан, шүүмжилсэн, эсэргүүцэл илэрхийлсэн иргэдээс  их хэмжээний мөнгө нэхэмжилж, шүүх, цагдаагийн үүд сахиулах (ийм ажиллагаа олон удаа давтагдаж байгаа). Энэ төсөл нь нутгийн болон бүс нутгийн иргэдээс хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа, АМтХ-ийн дагуу орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй атлаа Орон нутагт Нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих нэрийдлээр оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно, малчдад хүүгүй зээл олгоно гэх зэргээр зориудаар урхидах булхай луйврын сэдэл, үйл ажиллагааг явуулсаар байгаа, мөн орон нутгийн төр, захиргааны байгууллагатай хууль зөрчиж элдэв тохироо хийх, гэрээ хэлцэл үүсгэх замаар авлигын шинжтэй асуудлууд үүсгэх гэх мэтээр нийтлэг хэм хэмжээнд харшилсан зүйлүүдийг байнга явуулсаар байгаа.  

“Халзан бүрэгтэй” төслийн хэрэгжилтэд дараах эрсдэлүүд үүсэж болзошгүй байна. Үүнд:

Нэг: Байгалийн баялгийн нөөцийг тав ангилдаг ба Халзан бүрэгтэй орд нь байж болзошгүй буюу хамгийн бага ангилалд багтжээ. Ийм учраас 1,2 сая тонн гэж тогтоосон нөөцийн тоо хэмжээ доошлох магадлалтай. Тус  ордын газрын ховор элементийн агуулга нь 0.4 хувьтай бөгөөд 5-8 хувийн баяжмал гарахаар байгаа гэж төслийн удирдлагын зүгээс мэдээлсэн. Гэтэл гаднын уурхайнууд 0.8-5 хувийн, тухайлбал, Австралийн Mount Weld орд 8 хувийн, АНУ-ын MP Materials орд 4-5 хувийн агуулгатай бөгөөд 20-30 хувийн баяжмал үйлдвэрлэдэг юм байна. Энэ нь тус төсөл ашигтай байж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Хоёр: Нэгэнт агуулга багатай орд газар учраас төслийг ашигтай болгохын тулд баяжмал, баяжмалаас цааш исэл гаргахаар төлөвлөжээ. Үүний тулд байгуулах гидрометаллургийн үйлдвэрт маш их хэмжээний буюу баяжмалын үйлдвэрт 15-20 МВт [мегаватт], исэл үйлдвэрлэвэл 20-30 МВт цахилгаан эрчим хүч шаардлагатай гэж мэдээлжээ. Энэ нь Ховд аймгийн эрчим хүчний одоогийн хэрэглээтэй дүйж очих юм. Гэтэл одоогоор баруун бүсэд эрчим хүчний ийм том нэмэлт эх үүсвэр байхгүй бөгөөд Халзан бүрэгтэй төслийг Эрдэнэбүрэнгийн УЦС-аас хангахаар тооцоолсон. Тэгвэл БНХАУ-ын 266 сая долларын хөнгөлөлттэй зээлийг оролцуулан (нийт төсөвт өртөг нь бүр өндөр болно) барьж 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хүчин чадал 90 МВт бөгөөд үүний гуравны нэгээс тэн хагасыг Халзан бүрэгтэй төсөл хэрэглэх болж байна. Одоогоор боломжтой харагдаж магадгүй, гэхдээ сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин хүн ам, барилга байшин нэмэгдэж, шинэ шинэ үйлдвэрлэл, усалгаатай тариалан бий болж, үүний улмаас жилдээ 8-12 хувиар өсөж байгаа баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангахад УЦС-ийн хүчин чадал хүрэлцэхгүй болох эрсдэлтэй гэж үзэж байна. 

Гурав: 2023.01.11-нд Цөмийн энергийн комиссын ажлын албанаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явуулсан “Тайлан хүргүүлэх тухай” 2023.01.11-ны 1/24 тоот албан бичигт Халзан бүрэгтэй ордыг ашиглах, ГХЭ-ийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дараах хүндрэлтэй асуудал үүсэж байна, технологийн хувьд дэлхийн хэмжээнд тогтсон, сайн туршлага нэвтрүүлэхээр сонголт харагдахгүй байна. Энэ нь ГХЭ-үүд ордод харьцангуй бага хэмжээтэй, химийн урвалуудад харилцан хөдөлгөөнтэй байдагтай холбоотой. Мөн ордыг ашиглахад гаргасан зардал, байгаль орчныг нөхөн сэргээх, хаягдлын менежментийг олон улсын болон үндэсний дүрэм, журам, стандартын дагуу хийхэд гарах зардалтай харьцуулсан сүүлийн үеийн судалгаа алга байна. Өмнө хийгдэж байсан  судалгаагаар Халзан бүрэгтэй ордын хувьд хариуцлагатай уул уурхай явуулахад төвөгтэй, нөхөн сэргээх, хаягдлын менежмент хийх зардал өндөр учраас ордыг ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж үзсэн байна” гэж дурдсан байна” гэжээ.  

[1]  Уг тусгай зөвшөөрөл нь 4003А дугаартай байсан боловч гэрчилгээг үрэгдүүлсний улмаас 2007 оны 1 сарын 22-ны өдөр 12335А дугаартайгаар шинэчлэн авсан болно.

[2]Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 "цөмийн бодис" гэж цөмийн материал болон цөмийн технологид хэрэглэгдэх уран, торийн бүлийн цацраг идэвхт изотоп, газрын ховор элемент агуулсан бодисыг" ойлгоно.
Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15. "цөмийн эх үүсвэр материал" гэж цөмийн түлшний материалыг гарган авах уран, торийн хүдэр, газрын ховор элемент зэрэг түүхий эд материалыг ойлгоно.

[3] Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн  1 дүгээр зүйл. "Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгосон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 11 дүгээр сарын 15-ны дотор уг хуульд заасан нөхцөл, журмын дагуу шинэчлэн бүртгэнэ."

[4] Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. Энэ хуульд заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлээгүй бол түүнийг хүчингүй болсонд тооцно.

[5] Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт

[6] Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.6 дахь заалт

[7] Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.7 дахь заалт

[8] Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт

[9] Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь заалт

[10] Цөмийн энергийн комиссын Ажлын албаны 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 1/877 тоот албан бичиг болон Улсын байцаагчийн дүгнэлт

[11] 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 " Хайгуулын лиценз эзэмшигч нь Байгаль орчны хяналтын алба болон тухайн нутгийн захиргаатай зөвшилцөн хайгуулын лиценз авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бэлтгэж боловсруулна."

2006 оны Ашигт малтмалын тухай 38 дугаар зүйлийн 38.1.1 "тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах."

[12] Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хянан батлах, тайлагнах, хяналт тавих журмын 1.6, 2.9, 3.1, 3.3, 3.4 дэх заалтууд.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 4 =

Create Account



Log In Your Account