/цуврал 1/
I.Коронавирусын дуулиан эхэлсэн нь
БНХАУ-ын Хубэй мужийн Вухан хотод уушигны хатгалгаа төст, үл мэдэгдэх өвчин гарсан нь ДЭМБ-ын Хятад улс дахь төлөөлөгчийн газарт 2019 оны 12-р сарын 31-нд анх мэдээлэгджээ. 2020 оны 1-р сарын 30-нд Олон Улсын Эрүүл Мэндийн Яаралтай Тусламжийн Байгууллагаас өвчний дэгдэлтийг нийтэд мэдэгдсэн бөгөөд улмаар 3-р сарын 11-нд ДЭМБ-аас COVID-19- ийг “цар тахал” хэмээн зарлав.
Японы Тохоку Анагаах ухаан ба Эмийн Их Сургуулийн профессор Мицүо Какүгийн http://www.tohoku-icnet.ac/news/images/mongolia.pdf 2020 оны 4 сарын сүүлч үеэр гаргасан мэдээллийг авч үзвэл “Коронавирус бол ихэнхдээ амьтанд халдварладаг ба түүний дотор сарьсан багваахай болон тэмээнд халдварладаг вирус боловч хүмүүст мөн халдварлаж байгаа. Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром (MERS) 2012 онд Саудын Арабт гарсан бөгөөд 2002-2003 онд Хятадаас тархсан хүнд хэлбэрийн цочмог амьсгалын замын хам шинж (SARS) нь хоёулаа ижил бүлгийн коронавирусууд. SARS-CoV-2 буюу шинэ коронавирусын яг тодорхой эх сурвалж мэдэгдэхгүй байгаа. 2019 оны 12-р сарын сүүлээр уушигны хатгалгаагаар тодорхойгүй шалтгаанаас болж өвчилсөн хүн Вухан хотод гарсан. Шинж тэмдэг илэрсэн олон хүн далайн хоол, малын мах гаргадаг хотын нойтон /түүхийгээр худалдаалдаг/ зах дээр очсон байсан нь тэнд зарагдсан амьтантай холбоотой байж болзошгүй гэж үзэхэд хүргэсэн. (Энэ зах нь 2020 оны 1-р сарын 1-нд хаагдсан.)
Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уг өвчин Вухан хот Хубэй мужаар зогссонгүй Хятад даяар асар хурдтай тархаж, түгшүүрт автуулав. Барууны зарим улсууд тухайлбал АНУ уг өвчнийг үл тоож, Ерөнхийлөгч нь хүртэл /Дональд Трамп/ “сүржигнээд байх зүйл биш” гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан боловч, оны өмнөхөн тус улсад мөнөөх тахал өвчин халдаж, 2, 3-хан сарын дотор хүч хүрэгдэхийн аргагүй болов. Ази дахь Хятад улсад дэгдсэн энэ өвчин хэдхэн сарын дотор, огцом, огцом алс авч, далайн чанад, Европ, Америк, Австрали тивүүдэд үсэрхийлэн хүрснээр зогсохгүй, тархалт нь асар эрчимтэй нэмэгдэж байсан тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хийгээд улс орны анагаах ухааны байгууллагууд, холбогдох бусад газруудаас хэрхэн сэргийлэн, хамгаалах, халдвар тусч өвчилсөн тохиолдолд хэрхэн эмчлэхэд чиглэгдсэн зөвлөмжүүдийг түрцтэй түгээж байлаа. Тэрээр хамгийн анхдагч хийгээд, заавал сахих ёстой арга дэглэм бол гараа байнга угаах, амны хаалт зүүх, ариун цэврийг сайтар сахих, орчноо ариутгах, хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зайг ямагт барих, олон хүн нэг дор цугларахгүй байх явдал гэцгээж байсан бөгөөд, төд удалгүй хөл хорих дэглэм рүү шилжив. 2020 он гарахад хөнөөлт тахал өвчин дэлхийн 200 гаруй орныг нөмрөн авчээ. 2021 оны тавдугаар сарын 24-н гэхэд дэлхийн 223 улсыг хамарч, нийт 167.5 сая хүн халдвар авч, 3.4 сая хүн нас барж, 148.5 сая хүн эдгэрсэн /Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр/ гэсэн мэдээтэй байх жишээтэй.
Дэлхий дахинаар хаа сайгүй хөллөн, дэгдэж түгшүүр, зовинол автуулж байсан корона тахал Монголын хүн амд эх аван халдсангүй, тойрч дөлсөөр багагүй хугацааг авсан бөгөөд Монгол хүний бие организмын онцлогтой холбоотой гэх мэт даваадуулсан гэмээр яриа хөөрөө ч гарч байлаа. Улс орнуудад халдвар эрчимтэй тархаж, тахлын давалгаан нөмрөхийн хэрээр тэдгээр орнуудад аж төрж буй Монголчууд эх орондоо ирэхийн түүс болж, завсар чөлөөгүй хүсэлт гаргаж байсан ба 2020 оны 1 дүгээр сараас эхлэн, гадаадад байгаа иргэдээ боломжоор нь “тусгай үүргийн” онгоцоор тээвэрлэн авч ирэх болсон. Гадаад орноос эх орондоо амь тэмцэн ирэгсдийн завсраар, зөвшөөрөлтэй, эсвэл тусгай ажилтай гэсэн зарим нэг гадаад хүмүүс ч агаарын тээврээр Монголд газардах нь байсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 10-нд ОХУ-аар дамжин Монголд ирсэн Францын Арево компаний ажилтан гэх Франц эрээс анх корона вирусын халдвар илэрч, нэлээд сүр дуулиан болов. Чухам үүнээс хойш гадаадаас ирсэн Монголчуудын дотроос ч мөнөөх вирусыг тээгч илрэх болсон нь мэдээж. Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагууд гадаадаас ирэгсдийг 14-21 хоног тусгаарлан, ковид илэрсэн хүмүүсийг тусгайлан эмчилж байв. Ийнхүү эмчилж байх үеэс ковидтой нэг иргэнийг эмчлэхэд 800.000 төгрөг зарцуулж байгаа гэсэн албан ёсны мэдээллийг ЭМЯ-наас өгч байв. Аюулт тахлын эсрэг ард иргэд Улсын онцгой комисст хандив өргөсөөр, багагүй хэмжээний нөөц хөрөнгө ч цугларч байлаа. Ийнхүү энэ үед Монгол улс дахь коронавирусын халдвараар өвдөгсдийн тухайд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн цөөн тохиолдлууд бүртгэгдэж, тусгаарлагдан эмчлэгдэж байсан хэдий ч, яг эх орондоо байнгын амьдарч байгаа иргэдээс халдвар илрэхгүй байсан нь биднийг нэлээн эрэмшихэд хүргэж, гадаадын хэвлэлүүдэд хүртэл Монгол улсыг гайхан бичицгээж байлаа.
Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 11-нд анх удаа эх орондоо байнга оршин сууж байсан Монгол иргэдийн дундаас уг тахлын халдвар илрэв. Монгол Улсын Засгийн газар 12 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл улс орон даяар хатуу хөл хорио тогтоон, Ковид-19-ийн тархалтыг зогсоохын төлөөх арга хэмжээ авсан. Хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, улсын хилээр гаднаас дотогш, дотроос гадагш нэвтрэхийг хориглож, агаарын зорчигч тээврийг ч хязгаарлав. ДЭМБ болон ЭМЯ-ны зүгээс өгч байсан мөнөөх гараа сайтар угаах, маск зүүх, хүн хоорондын зай барих, бөөгнөрөл үүсэхгүй байх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг байнга уриалж, дэглэм зохицуулалтын арга хэмжээ авав. Эдгээр арга хэмжээг авснаар 2020 оны сүүлийн саруудад амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин өмнөх оноос 21 хувиар, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 7.6 хувиар буурсан гэж ЭМЯ мэдээлж байлаа. Гэтэл энэхүү зорчих хөдөлгөөний болон үйл ажиллагааны хязгаарлалт нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, хүн амыг орлогыг огцом бууруулан, амжиргааны тогтвортой байдлыг илт донсолгох болов. Олон улсын валютын сан (ОУВС)-гийн гаргадаг “2020 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ”-гээр 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунджаар-2.0 хувь, ихэнх улс оронд -3 хувиас доош унах төлөвтэй болж ирсэнийг тоймолжээ. Мөн энэ мэдээлэлд инфляцын түвшин 2025 он хүртэл тасралтгүй нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 2020 онд хэвийн ажилгүйдлийн түвшнээс 2 дахин өсч, аажмаар буурах хандлагатай байна” гэсэн байв.
Хэдийгээр цар тахал Монголд бусад улс орнуудтай адил өргөн хэмжээгээр тархаагүй байсан ч болзошгүй нөхцөл байдлыг угтаж бэлтгэх ажлууд хангалттай хийгдэж байгаа тухай Засгийн газар, Эрүүл мэндийн яам зэрэг газраас мэдээлсээр байв. Тэрхүү бэлтгэл ажлуудын нэг чухал арга хэмжээ нь 2020 оны 4 сард “Цар тахлын үед мөрдөх түр хууль” буюу Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан явдал. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэх дагаж мөрдөхөд адармаа, төвөг ихтэй, зарим талаар бодит нөхцөл байдалтайгаа нийцэхгүй байх явдлууд ч олонтоо гарах болов. Тухайлбал хуулийн 12.1.2-т “цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй тохиолдолд шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах” гэж заасан авч, шинжилгээ хийлгэх гэх мэт үйлчилгээ нь яваа, яваандаа үнэ төлбөртэй болж, 25.000, 50.000, 75.000 –аар хийгдэх болов. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжийн дутагдалд оров. Нэн ялангуяа цар тахлын эсрэг ард иргэдийг вакцинжуулах үйл ажиллагаатай холбоотой анагаах ухаан, дархлаа судлал, вирус, нян судлал, систем судлал, аюулаас хамгаалахын чиглэлийн мэргэжилтэй, тухайн мэргэжлээрээ мэргэших түвшинд хүрсэн олон эрдэмтэд, судлаачид, иргэд олон түмний зүгээс үйл ажиллагааг зохицуулж зохион байгуулж, шийдвэр гаргаж буй байгууллага, хүмүүсийн хувьд анхаарч, хүлээж авахуйц санал онол, баримт сэлтүүдийг нийгмийн сүлжээ зэргээр гаргаж тавьсаар байвч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дийлэнх нь тэдгээрээс болон олон талын эх сурвалжуудаас ер мэдээлэл авахгүйгээр зөвхөн Засгийн газар, ЭМЯ-наас өгч буй ганц талын эх сурвалжтэй мэдээллийг л дамжуулдаг горимд шилжив.
II.Засаглалын систем нь өөрөө ковидоос илүү гамшиг болсон уу?
Цар тахлын үед мөрдөх түр хуулийн 11-ын 2-т “энэ хуульд заасан арга хэмжээ нь тухайн нөхцөлд тохирсон тодорхой хамрах хүрээ, хугацаатай байх бөгөөд цугларсан мэдээллийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаас бусад зорилгоор ашиглах, нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхийг хориглоно”, 14-ын 1-т “хэвлэл мэдээллийн байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Улсын онцгой комисс болон бусад эрх бүхий байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг олон нийтэд үнэ төлбөргүй, саадгүйгээр мэдээлнэ”, 12-ын 3-т “цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно” гэсэн заалтууд тусгасан нь хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийг ийм байдлаар ажиллахад хүргэсэн бололтой.
Тэрбээр Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн тогтсон цагт хэвлэл мэдээллийнхэнд нэг цэгээс мэдээлэл өгдөг болсон ба телевиз, цахим сайтууд, сонин, сэтгүүлүүдийн сэтгүүлчид зөвхөн тэр мэдээллийг өөр, өөрсдийн сувгаар нэгэн зэрэг цацна. Гэвч сайтар ажиглавал Эрүүл мэндийн яамныхны “өнөөдрийн төдөн цагийн байдлаар төчнөөн хүнд шинжилгээ хийснээс төд нь “эерэг” гарч, эмнэлэгт төдий хүмүүс эмчлүүлж, тэд нь эдгэрч, тэдэн хүнийг вакцинжуулж гэх мэтийн тоо баримтууд нь хоорондоо илт зөрүүтэй, худал тоонууд болох нь ч үе үе илэрч, нийгмийн сүлжээгээр шүүмжлэлд өртөх болов. Мэдээлэлд задлан шинжилгээ хийж, нягтлан шинжлэх боломжууд илэрхий хаалттай болсноор эргэлзээ, сэжиг, таамаг дагуулсан зүйлс өдрөөс өдөрт хунгарлан зузаарав. Илтэд эргэлзээ будилаан дагуулах болсон гогцоо асуудлууд гэвэл
Гэвч ингэснээр ямар ач тус ирэв? гэдгийг заавал нягталж үзүүштэй. Үүнтэй холбогдуулаад Монголд байгаа тухайн асуудлаар мэргэшсэн цөөн мэргэжилтний нэг болох дархлаа болон вирус судлаач, био технологич Ц.Өлзийтогтохын ярианы хэсгээс уншигчдад сонхирхуулая. Тэр хэлэхдээ “Сангийн сайд Хүрэлбаатар УИХ-ын хуралдаан дээр “бидний оруулж ирэх гэж байгаа вакцины нэг тунгийн үнэ нь 20 гаруй америк доллар” гэж ярихыг сонсоод би маш их гайхлаа. Би олон жил вакцин судлал, вакцины туршилт, үйлдвэрлэл, технологи дамжуулалт дээр гардаж ажиллаж байсан хүний хувьд энэ талаар сайн мэднэ. Вакциныг гаргаж авахдаа эсийн өсгөвөр, эсвэл рекомбинац гэх мэт шинэлэг технологийн алийг ч ашигласан, бас шингэн, эсвэл хуурай аль ч хэлбэрээр үйлдвэрлэгдсэн байлаа гэсэн нэг тунгийн хэмжээ нь 0.1-1.0 мл-ийн хооронд байдаг бөгөөд, нэг тунгийн хэмжээ хамгийн ихдээ 1.0 америк доллараас хэтрэхгүй байх ёстой гэдгийг тооцож, худалдааны хэлэлцээрт оролцох ёстой. Тэгэхээр тэр хэдэн арван доллараар хэмжигдэх үнэ гэгч нь дайн өдөөж, дэгдээж, зэвсэглэлээр хөөцөлдөхөд чиглэгдсэн эдийн засгийн колончилол, эдийн засгийн алуурчдын явуулж буй үйл ажиллагаа гэж л ойлгохоос аргагүй байна” хэмээжээ. Зөвхөн эдгээрээс ажиглахад ковид цар тахалтай тэмцэх арга хэмжээ, вакцинжуулалт гэх мэт нэрийн дор, асар их үр ашиггүй зардал гаргаж, эдийн засгийг самарсан магадлал өндөр.
Улсын их хурлын гишүүн Энхбаяр УИХ-ын хуралдаан дээр хэлэхдээ: “Яг одоо, шуудхан хэлэхэд иргэд төрдөө итгэхгүй байна. Төр иргэдийнхээ итгэлийг нэгэнт алдсан байна. Энэ улам даамжирахаар байна. Мартин Лютер Кинг гэдэг хүн “Хойшлуулагдсан эрх бол үгүйсгэгдсэн эрх” гэсэн байдаг. Төр өөрөө ковидоосоо илүү аюултай корона болчихсон байна. Хүний үндсэн эрхийг энэ хугацаанд Засгийн газар хэр сахиулав, яаж дэмжиж ажиллав. Хүний эрхийн үндэсний комиссын тайланг бид сонссон. Энэ тайланд маш олон зөрчил дутагдал гарсан. Үүндээ дүгнэлт хийхгүй байна. Хүний эрхийн үндэсний комиссыг Улсын онцгой комисс хуралдаа ч оруулдаггүй !” хэмээсэн. https://www.facebook.com/Urantogtokh/videos/536927394206178 Энэ мэтээр Засгийн газар болон Засгийн газрын байгууллагууд бий болсон нөхцөл байдлыг таньж, ойлгоогүй, учрыг сайтар ухаараагүй хэрнээ. Муйхраар, хүчээр асуудалд хандах гэж зүтгэх, түүний уршигаар нөхцөл байдал улам дордож зүй тогтлоосоо хэлбийх үзэгдэл бий болох зэрэг нь зөвхөн Монголд төдийгүй олон улсад хавтгай болсон зүйл юм.
Эмнести Интернэшнл олон улсын байгууллага ковид-19-ээс улбаатайгар 2020 онд улс орнуудад нүүрлээд байгаа нөхцөл байдалд 149 улс орныг хамруулсан өргөн хүрээтэй судалгаа хийж, улмаар дэлхийн хүний эрхийн төлөв байдлын талаарх оны эцсийн ээлжит тайландаа тайлагнасан байна. Уг тайлангаас эш татвал: “Цар тахал нь дэлхий дахинд санаатайгаар талцуулж, эвдрэлцүүлсэн бодлого бий болж байгааг харууллаа. Энэ бодлого нь тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, дарангуйллыг тогтоож, КОВИД-19 цар тахлаас үүдсэн гамшигт хүргэлээ гэж дурдсан байна. Тэрчлэн цааш үгүүлэхдээ “иргэний нийгмийн хувь нэмрийг үнэлэхгүйгээр, тэдний дуу хоолойг сонсохгүйгээр шийдвэр гаргавал нэг талыг барьсан алдаатай шийдвэр болдгийг бид харлаа. Цар тахлыг эрх мэдлээ бэхжүүлэх зэвсэг болгож, дутуу дулимаг, худал хуурмаг, амиа хоохойлох төдий хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эрх баригчид шүүмжлэгчдийн эсрэг хэрэг үүсгэх нь хэвийн үзэгдэл болоод байна. Тухайлбал Унгар улсын Ерөнхий Сайд Виктор Орбаны засгийн газар эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан КОВИД-19-ийн талаар “хуурамч мэдээлэл түгээсэн” тохиолдолд тав хүртэлх жилийн хорих ял оногдуулахаар болжээ. Нигери улсад хэрцгийгээр дэг журам сахиулж, эрхээ шаардаж хариуцлагатай байхыг уриалан жагссаных нь төлөө хүмүүсийн амь насыг бүрэлгэжээ. Энэтхэг улсад терроризмын эсрэг ажиллагаа нэрийн дор орон гэрийг нь нэгжиж, иргэний нийгмийн идэвхтнүүдийн эсрэг эрс арга хэмжээ авав. Хятадын засгийн газар Шинжаан дахь Уйгар, Мусальман шашинтай үндэсний цөөнхийг мөрдөн мөшгиж, Хонконгт улс төрийн шинж чанартай дарангуйллыг хуульчилсан үндэсний аюулгүй байдлын хууль яаравчлан баталсан. “Олон улсын эрүүгийн шүүх, НҮБ-ын хүний эрхийн механизмууд зэрэг олон улсын институцууд нь хүний эрхийг зөрчиж буй хувь хүн, улс орнуудтай хариуцлага тооцох гэж оршдог. Харамсалтай нь 2020 онд эдгээр байгууллага хүний эрхийн зөрчлийн эсрэг хамтын ажиллагааг дордуулж, урвуулан ашиглахаар зүтгэж байгаа удирдагчдын улс төрийн нөлөөлөлд автаж, мухардалд ороод байна” хэмээн Эмнести Интернэшнл үзжээ.
Энэ эмх замбараагүй, тодорхойгүй байдлаас гарах цорын ганц арга бол олон улсын хамтын ажиллагаа. Гэвч цар тахал дэлхийн улс орнууд хүнд хэцүү үед хүчээ нэгтгэн хамтран ажиллах чадваргүй болохыг дэлгэн харууллаа.
Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп зэрэг өндөр хөгжилтэй улс орны удирдагчид олон улсын хамтын ажиллагаанаас татгалзан, вакцины нөөцийн дийлэнхийг худалдан авч бусад улсад маш багыг үлдээсэн. Ши Жинпиний засгийн газар Хятадад вирус тархсан тухай эрт үед нь анхааруулах гэж оролдсон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдэд дарамт шахалт үзүүлснээр нэн чухал мэдээллийг нуун дарагдуулсан зэрэг хүчирхийллийн Засгийн газрынхаа явуулж буй алдаатай бодлогыг эсэргүүцсэн тэмцэл дэлхий даяар өрнөлөө. Удирдагчдынхаа алдаатай бодлогыг эсэргүүцсэн “Black Lives Matter” эсэргүүцэл АНУ-д, “End SARS” эсэргүүцэл Нигери улсад өрнөж, мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг виртуал бослого явуулах зэргээр хүмүүс эсэргүүцлийн шинэ хэлбэрт шилжиж байна. Энэ нь Польш, Хонконг, Ирак, Чили улсыг хамарч, дэлхий даяарх дарангуйлал, тэгш бус байдлын эсрэг нийтийн тэмцэл болж, дэмжигчид нэмэгдсээр байна” хэмээн тайланд онцолж, мөн 2020 онд хүний эрхийн идэвхтнүүдийн гаргасан амжилтаас дурджээ.
“2020 онд хүч чадал, эрх мэдэл, ашиг хонжоо хайгчдаас манлайлал төрөөгүй. Өөрчлөлтийг шаардсан тоо томшгүй олон хүнийг хамарсан жагсаал, цуглаанаас манлайлал бий болсон. Аюулгүй байдлаараа дэнчин тавьсан дэлхий даяарх жирийн иргэд, хүний эрх хамгаалагчид манлайлан гарч ирж байна. Тэд илүү сайхан, эрх тэгш, аюулгүй дэлхий ертөнцийн төлөөх тэмцлийн тэргүүн эгнээнд зогсож байна. Бид хүний эрхэм чанарыг доройтуулж буй дөнгийг тасалж, тэгш байдал, хүний эрх, хүнлэг энэрэнгүй ёсонд тулгуурласан дэлхий ертөнцийг бий болгох ёстой. Бид энэ цар тахлаас суралцаж, хамтдаа зоригтойгоор бүтээлчээр ажиллаж чадвал хүн бүр эрх тэгш байж чадна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард уриалсан байна.
Энэчилэн Монголд ч мөн адил иргэний нийгэмийнхэн хийгээд, хүний эрх, засаглал, системийн зүй тогтол, улс төр нийгмийн асуудлаар судадаг хараат бус мэргэшсэн судлаачдын тухайд үүнтэй төстэй байр суурьтай байх нь олонтой ажиглагдсан. Жишээ болгож “Халуун цуст Монголчууд” иргэний нийгмийн байгууллагаас санаачилж зохион байгуулсан онлайн хэлэлцүүлэгт Монгол дахь систем судлалаар мэргэшсэн тулхтай маш цөөхөн судлаачдын нэг болох Д.Банзрагч оролцож, таниулга хийх үедээ өгсөн мэдээллийг нь сонирхуулъя: “Вакцины дараа өвчилж хүндэрч байгаа хүмүүсийн асуудлыг Засгийн газар бодлоготойгоор судлах ёстой: Гэтэл тийм юм хийхгүй байна. Энэ юунаас болж байна гэхээр эрх зүйн орчин алга байна. Тиймээс хууль эрх зүйн орчноо тодорхой болгоогүй болохоор асуудлыг хүчээр хийчихэж байна. Хоёрт: төрийн бодлогод ард түмний аюулгүй байдлыг хангах тухай үзэл баримтлал байдаг л бол вакцины асуудлыг ярихаасаа өмнө эрсдлийг заавал авч үзэх ёстой байдаг. Одоо Засгийн газар эрсдлийн асуудлыг авч үзэж арга хэмжээ авах гэхээр анхнаасаа буруу, бодлогогүй зүйл хийчихсэн, ямар үр дагаварт хүрэхийг таашгүй, бас бодлогогүй зүйл нь мэдэгдчихнэ гэдэг үүднээс нууж дараад байгаа нь харагдаж байна. Институтчилагдсан бүх улс оронд аливаа бүх асуудал протоколтой, үндэсний аюулгүй байдлын, бодлогын протоколууд бүх системийн түвшинд шатлалтай, эрэмбэ дараатай гарч, түүнийг үндэслээд, хууль эрх зүй нь боловсрогдох ёстой. Гэтэл манайд протокол байх ёстой үгүйг ч мэдэхгүй, протоколыг яаж хэрэглэхээ ч мэдэхгүй байгаа тохиолдолд зүгээр л ангайгаад сууж байгаа хэрэг. Миний харж байгаагаар ковидын хууль гэдэг нь нөхцөл байдалтайгаа уялдаагүй, эцсийн эцэст мэдлэг, чадваргүй Засгийн газарт бүхнээ даатгачихсан, тэд нь протоколгүй, аргачилалгүй, стандартгүй, дураараа шийдвэр гаргаж байгаа нөхцөлд үр дүнг нь барьж авах боломжгүй болчихож байгаа юм. Юу гэхээр шийдвэр арга хэмжээнүүд протоколын дагуу явагдаж байгаа нөхцөлд хүн нь эрсдэж байхад ямар арга хэмжээ авахаа мэдэж байх ёстой. Гэтэл одоо манайд хүн нь эрсдээд байхад арга хэмжээ авахгүй байна. “Вакцинжуулалтаараа Азид тэдэд орно” энэ, тэр гэдэг бол хамгийн тэнэг явдал. Ийм бодлого явуулдаг Засаг гэж байж болохгүй. Үндэсний аюулгүй байдал нь алдагдчихсан улс оронд хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах боломжгүй. 2011 оны үед Гардиасел вакциныг эрүүл мэндийн яам оруулж ирж, хүмүүст хийх үед би хөндлөнгийн судлаачаар уг асуудалд оролцсон. Өндөр хөгжилтэй орнуудын хориглочихсон вакциныг яахаараа Монголд оруулж ирээд тарьж байдаг билээ гэдэг ноцтой асуудал байсан. Тэр нь өөрөө баталгаагүй, эрсдэл өндөртэй, туршилтын вакцин байсан. Бас саяхан манайд Д витаминыг хүүхдүүдэд тарьсан Америкийн хүнс ба эмийн агентлагийн бүртгэлд үүнийг туршилтын гээд бүртгэчихсэн байхад Монголд болохоор туршигдсан баталгаатай эм гэж оруулж ирээд тарьж байсан. Гэхдээ зальдаж туршилт хийлгэж буй цаад эм үйлдвэрлэгч компани фирмд муу заль байдаг. Яг аюултай, туршиж байгаа тэр эмийн зүйлээ зууд нэгийг, эсвэл мянгад 10 ширхэгийг гэх мэтээр зохицуулсан байдаг. Эрсдэл үүслээ гэхэд тоо нь цөөхөн байх юм бол булзаж, мэдэн будилах боломжтой гэсэн үг. Ийм маягаар эмийн туршилт хийх ажиллагааг буурай орнуудад явуулахад зуучилж, гэрээ хийж зохион байгуулдаг компаниуд байдаг. Эдгээр нь асар их ашигтай ажилладаг хэдэн тэрбум доллараар ашиг олдог. /Үүнийг тухайн төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын мэдээллийг агуулсан вэб сайтыг үзүүлэн баримттай тайлбарлав/ За тэгтэл одоо ковидын вакцин гээд ороод ирж байна. Түүнийг судлаад үзэхээр манайд албан ёсоор бүртгэгдсэн вакцин нь синофарм Бээжин Модерна mRNA-1273 (3 улсад туршигдаж, 45 улсад зөвшөөрөгдсөн), PfizerbioNtech-BNT162b2 (6 улсад туршигдаж, 84 оронд зөвшөөрөгдсөн), Camalyea SPUTNIK V (6 улсад туршигдаж, 65 оронд зөвшөөрөгдсөн), Oxford AstraZeneka-AZD1222 (15 улсад туршигдаж, 98 оронд зөвшөөрөгдсөн), Sinohparm Beejin BBIBP CorV (7 улсад туршигдаж, 40 оронд зөвшөөрөгдсөн) /олон улсын эмийн хяналт хийдэг сайтын мэдээллийг харуулж ярив/ байтал, манайд ямар вакциныг оруулж ирсэн, тарьсан гэвэл манай улс албан ёсоор хүлээн зөвшөөрч, гэрээ хийж бүртгэж аваагүй Sinohparm Wuhan-Inactivated VEROCCELLS буюу 7 улсад туршигдсан ч, хоёрхон улсад зөвшөөрөгдсөн баталгаа туйлын муу вакциныг оруулж ирж тарьсан байгаа юм. Эндээс бүртгэгдээгүй, баталгаагүй, туршилтын вакциныг оруулж ирж хомроглон тарих гэж ингэж улайрч байгаа нь юуны учир вэ гэсэн асуулт гарч ирнэ. Дээрээс нь PCR шинжилгээний оношлуур нь бас баталгаагүй. Учир нь тест хийж шалгалгүйгээр Хятадаас шууд бөөнөөр оруулж ирээд хэрэглэчихсэн. Зүй ёсондоо бол олон улсаас, олон төрлийн оношлуурыг оруулж ирж, сорьж шалгаж үзээд бүрэн аюулгүй, найдвартай ажилладаг оношлуурыг нь сонгож тогтоож байж хэрэглэх ёстой. Энэ бүх дурьдсан асуудлууд өмнө нь миний яриад байсан тэр протокол гэдэгт үндэслэж явагдах ёстой. Гэтэл манайд протокол нь байхгүй. Манай зарим эрдэмтэд математик загварчиллаар эдгээрийг тооцсон гээд байгаа ч өгөгдөл нь дутуу байгаа учир уг загварчиллын дүгнэлт бодитой гарах боломжгүй байгаа нөхцөл харагдаж байгаа юм /загварчиллын жишээн дээр ярьж тайлбарлав/. Ер нь бол вакцин тарьж эхэлснээс хойш түүний нөлөөтэйгээр халдвар эрс ихдэж байгаа нь заавал эрдэмтэн судлаач гэхгүй хэн бүхэнд илэрхий зүйл болоод байна” хэмээсэн юм. https://www.facebook.com/HaluunTsustMunGolchuud/videos/365243974927942
Хиргис Г.ТӨРМӨНХ
Ховд хот. 2021 оны 10 сарын 15-аас 12 сарын 25
Үргэлжлэл бий