Ховд аймагт болох “Соёл-Утга зохиолын Чуулган”-ы тов дахин хойшлогдов

By: Admin
2024-04-29
0
297

          Манай сонины өмнөх дугаар буюу 2023 оны сүүлчийн дугаарт  Ховд аймагт 2024 оны нэгдүгээр сарын дунд үеэр Соёл-Утга зохиолын бүсийн чуулган зохион байгуулагдах тухай дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэгдсэн. Тэгвэл уг нийтлэлийг гарсны дараа буюу 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлаар тухайн арга хэмжээний тов хойшлогдож, ирэх 3 дугаар сард болгохоор шийдвэр гарсан болохыг уншигч олон түмэнд сонордуулж байна.

         Ховд аймагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөн чиглэл, удирдамж, зарим бэлтгэл ажлууд нь хийгдээд байгаа энэхүү Соёл-Утга зохиолын чуулганыг аймгийн 2023 оны нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөнд тухайн оныхоо 11 дүгээр сард зохион явуулахаар тусгаж баталсан байсан бөгөөд аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд мөн тусгагдаж батлагдсан арга хэмжээ юм.

        Монголын Зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь салбар болон холбогдох газруудаас үүнд анхаарал тавиж хэрхэн зохион байгуулах тухай урьдчилсан санал, чиглэл удирдамжуудын төслийг боловсруулан 2023 оны 2 дугаар сард аймгийн Засаг даргад өргөн барьж, удаа дараа санал уламжилснаар 2023 оны 10 дугаар сард аймгийн Засаг даргын Захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, тэрхүү ажлын хэсгээс уг чуулганыг 2023 оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар тов тогтон, чуулганы хүрээнд явагдах утга зохиолын наадам өдөрлөг, эрдэм шинжилгээний бага хурлуудад толилуулагдах бүтээл сонгон шалгаруулалтын зар мэдээллийг явуулж, эхний шатны сонгон шалгаруулалтыг хийж, оролцогсдод мөн зар мэдээллийг хүргүүлж бэлтгээд байтал аймгийн удирдлага хойшлуулах шийдвэр гаргаж, ажлын хэсэгт товыг хэлэлцэн тогтохыг даалгасан. Ажлын хэсэг хэлэлцэн Соёл-Утга зохиолын чуулганы хойшлогдсон товыг аймгийн удирдлагаас санал болгосных нь дагуу 2024 оны нэгдүгээр сарын 19-20 өдрүүдэд “Мөнгөлөг шагшуурга” эвент арга хэмжээтэй залгалдуулан явуулахаар тогтоод, аймгийн Засаг даргад танилцуултал Засаг дарга “тухайн өдрүүдэд хийгдэх боломжгүй, дахин хойшлуулж хаврын улиралд болго” хэмээн “зарлигджээ”.  

        Ингэснээр энэхүү Соёл-Утга зохиолын чуулганы тов нь оролцогсдод зар мэдээлэл нь хүрч ажлын хэсгээр болон зохион байгуулагчдын түвшинд нэгэнт тодорхой болсныхоо дараа эрх мэдэлтний шийдвэрээр 2 дахь удаагаа хойшлогдоод байна.

        Чуулганыг зохион байгуулах гол учир холбогдол зорилго нь гэвэл “хэл соёл, утга зохиолын амьдралын түүхэн онцлог, эрхэмлэх зүйлүүд, амьд туурвилуудыг олонд таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн шинэлэг арга замыг эрэлхийлэх, Бүс нутаг болон хөдөө, орон нутаг дахь оюуны соёлын болон утга, уран зохиолын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэх, соёл утга зохиолын чиглэлээр бүс нутаг хийгээд үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус холбогдох бусад байгууллага, хувь хүмүүсийн холбоо харилцааг сайжруулах, утга зохиол, урлаг соёлын хөгжлийн асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх”-д оршиж байгаа бөгөөд Монгол улсын соёлын тухай хууль, Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтууд, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн /2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/119 дугаар/ чиглэл, зөвлөмжийг  удирдлага болгон ийнхүү төлөвлөгдөж, товлогдсон ажил юм.  

         Зохион байгуулагчдын зүгээс дахин хойшлуулсан товыг одоогийн байдлаар 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд хэмээн санал болгосон бөгөөд түүнийг бас дахин хойшлуулахгүйгээр тухайн өдрүүдэд нь болгох баталгаа байгаа эсэхийг хэлж мэдэхгүй юм.  Учир нь энэ нь бодит байдал дээрээ “ЭРХ МЭДЭЛТЭН”-ний үзэмжийн асуудал болоод байгаа билээ.  

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 6 =

Create Account



Log In Your Account