Манай редакци өмнөх дугаартаа “Халзан бүрэгтэйн сонсгол” хийгээд хачирхалтай үзэгдлүүд нийтлэлийг толилуулсан бөгөөд сонсголд оролцогчдын зүгээс уг сонсголыг зохион байгуулсан байдал, ялангуяа тайлан дүгнэлт, сонсгол даргалагчийн ёс зүйн асуудалтай холбоотой өргөдөл гомдлыг холбогдох газруудад хүргүүлж байгаа талаар цухас дурьдсан. Нийтлэлд амалсан ёсоор сонсголын үйл явц процессыг сайтар ажиглан, баримт нотолгоонд үндэслэж бэлтгэсэн үндсэндээ шүүмж, анализын шинжтэй уг өргөдлийг өргөдөл гаргагчдын зөвшөөрснөөр бүрэн эхээр нь нийтлэж байна.
Өргөдлийн эх:
“УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Халзан бүрэгтэй”-н ордын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг нарийвчлэн судлах нь” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан, дүгнэлтийг бичиж боловсруулж, хэвлэн нийтлэхдээ Нийтийн сонсголын тухай хууль, сонсгол зохион байгуулах журам, тэрчлэн холбогдох хууль журмуудыг зөрчсөн, тайлангийн санал дүгнэлтийг хэт хөнгөн гоомой, дэгс үндэслэлгүй байдлаар үйлдсэн, сонсгол даргалагч, зохион байгуулагч нөхөд нь уг ажлыг өрнүүллэхдээ ёс зүйн алдаа дутагдал гаргасан зэрэг асуудлуудыг нягтлан шалгуулж, хэлэлцүүлэн, үнэн мөнийг тогтоолгох, зохистой шийдэл гаргуулах зорилгоор сонсголд оролцогч иргэд, хуулийн этгээдүүд, ажиглагчид, хөндлөнгийн хянагчид хамтран энэхүү өргөдөл гомдлыг гаргаж байна.
Нэг: Сонсгол зохион байгуулах
үйл явцын алдаа завхралын талаар:
Энэ тухай бодит байдлыг мэдүүлвэл: Сонсгол даргалагч Б.Баярбаатараар ахлуулсан, Ховд аймагт ажилласан ажлын хэсгийнхэн ажлынхаа зорилгыг “байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг орон нутгийн түвшинд нарийвчлан судалж байгаль орчин, нийгэм, эдийн засаг, мал аж ахуй, иргэдийн амьдралд үзүүлэх нөлөөллийг бодитоор үнэлэн, санал боловсруулах” гэж тодорхойлсон атлаа ажиллах хөтөлбөртөө тухайн нөлөөллийн бүс, мөн бүс нутгийн иргэд, бусад холбогдох талуудтай уулзах тухай огт тусгаагүй, зөвхөн аймгийн удирдлага, албаны хүмүүс, төслийн нэгжийнхэнтэй уулзах хөтөлбөртэй ирсэн. Ийм учир тухайн чиглэлээр ажиглалт тандалт судалгаа хийж, асуудлуудыг бодитоор судалсан иргэний нийгмийн байгууллагууд, нөлөөллийн бүс, бүс нутгийн иргэдийн төлөөллүүд тэднийг аймгийн удирдлага, албаныхантай уулзаж байх үеэр нь албаар хүсэлт тавьж, гуйж байж ажлын хэсгийнхэнтэй уулзаж тодорхой мэдээлэл өгсөн. Ингэсний хүчинд сонсгол даргалагч “иргэний нийгмийн байгууллагын танилцуулсан асуудлаарх мэдээлэл, материалыг бичгээр өг” гэсэн бөгөөд маргааш нь бичгээр уг мэдээлэл материалыг өгөх гэтэл сонсгол даргалагч өөрөө тэдгээр хүмүүстэй уулзаагүй, олон цагаар нэхэл дагал болж хөөцөлдөж байж УИХ-ын хяналт шалгалтын газрын дарга Ч.Онончимэгт гардуулсан. Гэтэл 9 дүгээр сарын 23-нд болсон сонсгол дээр тэрхүү материалыг уншиж танилцсан гэхээр зүйлийг бид сонсгол даргалагч, ажлын хэсгийнхэн, төрийн байгууллагын холбогдох нөхөд, шинжээчдийн амнаас огт, юу ч сонссонгүй хийгээд бидэнд энэ талаар тодруулах боломж олгоогүй нь харамсалтай !
Ажлын хэсгийнхэн 9 дүгээр сарын 8-ны өдөр Халзан бүрэгтэй дэх МНРИК ХХК-ны тусгай зөвшөөрөлтэй талбайд очсон боловч тэнд байсан иргэдтэй уулзаагүй. Ховд аймгаас Халзан бүрэгтэй уулын чиглэлд явах замд байдаг Ховд голын гүүрэн дээр гурван цагдаад үүрэг өгөн зогсоож, тэр чиглэлд хүн явуулахгүй байхыг даалгасан байсан. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийнхэн өөрсдийн явсан чиглэл дэх зорчих хөдөлгөөний замыг цагдаагаар хаалгасан нь эмгэнэлтэй явдал гэхээс өөр хэлэх үггүй мэт! Ховд голын гүүрэн дээр Буянт сум, Мянгад сум, Дөргөн суманд алба үүрэг гүйцэтгэдэг гурван цагдаад үүрэг өгч зогсоосон, тэр гурван цагдаа Халзан бүрэгтэй чиглэлд зорчих хөдөлгөөний хориглож, хүн явуулахгүй байсан нь баримттай зүйл. Дарга болон ажлын хэсгийнхэн өрөмдлөг хийсэн талбайтай танилцаад машинаараа иргэдийн хүлээж байсан газарт буюу компаний кэмпийн суурин дээр хүрч ирэх үед нь иргэд, уулзах хүсэлтээ илэрхийлж, гараа өргөж зогсохыг санал болгоход хажуугаар нь дайрах шахан, зогсолгүй явж одсон нь болсон явдал билээ. Тэрчлэн нөлөөллийн бүсийн айлуудаар орж ярилцаж мэдээлэл авна гэсэн боловч дараа нь судалж үзэхэд айлуудаар яваагүй. Тэр даруйдаа аймгийн төвд буцаж очсон байсан. Сонсгол даргалагч хийгээд ажлын хэсэг Ховд аймагт ажиллахдаа тухайн асуудлаарх зөрчил, судалж мэдвэл зохих ажлын хэсгийн зорилго чиглэлтэй холбоотой асуудлуудын талаар мэдэхийг огт хичээгээгүй гэдгийг энд онцлон дурдаж байна.
Гэвч бодит байдал дээрээ сонсгол яаж явагдсан бэ? гэвэл сонсгол оролцохоор орон нутгаас Улаанбаатар хотод хүрэлцэн очсон иргэд сонсгол ямар зарчим, хөтөлбөр дэгээр, яаж явагдах тухай огтхон ч мэдээлэлгүй байсан бөгөөд УИХ, ажлын хэсгээс энэ талаар мэдээлэл өгөхгүй байсан тул УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нарт хүсэлт тавьж, энэ тухай мэдээлэлтэй болгож өгөхийг тэдгээр иргэд төлөөллүүд гуйсан. Энэ ёсоор З.Мэндсайхан гишүүн 9 дүгээр сарын 22-ны өдөр тэдгээр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа сонсгол даргалагч болон сонсгол зохион байгуулах ажлын хэсэгтээ холбогдож хөтөлбөрийг авч иргэдэд танилцуулсан. Гэтэл уг хөтөлбөрт иргэдийн оролцоо огт байхгүй. Сонсгол даргалагч болон ажлын хэсэг Ховд аймагт ажиллахдаа “сонсголд орон нутгаас оролцогчдын зүгээс мэдээлэл хийлгэх боломжийг хангаж, хөтөлбөрт тусгаж байгаа. Мэдээллээ бэлтгэж ир” гэсэн боловч хөтөлбөрийг нь авч үзэхэд орон нутгаас мэдээлэл хийх цаг хөтөлбөрт байсангүй. Иргэдийн үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх цаг ч хязгаартай тусгагдсан байв. Тэгээд сонсгол даргалагчид энэ асуудлаар утсаар ярьж гомдол гаргахад (З.Мэндсайхан гишүүнээр дамжуулж) Б.Баярбаатар “тэр орон нутгийнхан чинь мэдээлэл хийх цагийг хас гэсэн ш тэ” гэсэн. Гэтэл орон нутгаас хэн ч мэдээлэл хийх цагийг хас гэж хэлээгүй. Тэр ч бүү хэл мэдээлэл хийх цагийг хамгийн наад зах нь нэг дахин нэмэгдүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг илэрхийлсээр байсан юм. Ийнхүү гомдол тэмцэл болсны үр дүнд сонсгол даргалагч, зохион байгуулагчид орон нутагт мэдээлэл хийх багаахан цагийг хөтөлбөрт тусган, хөтөлбөрийг шинэчилж баталсан боловч “мэдээллийн цаг нь бэлтгэсэн мэдээллийг танилцуулахад хүрэлцэхгүй байна” гэсэн орон нутгийн оролцогчдын хүсэлтийг үл хэрэгсэж, хүч түрэн хөтөлбөрөө шинэчилж баталсан юм.
Хоёр: Сонсголын үйл явцын тухай:
Цаашилбал сонсгол дээр БОУАӨ-ийн яамны Хүрээлэн буй орчны газрын дарга Г.Энхмөнх, сайдыгаа төлөөлөн мэдээлэл хийхдээ “Халзан бүрэгтэй” төслийн байгаль орчныг хамгаалах асуудлаарх эрсдэл, зөрчил, ялангуяа хууль зөрчигдөж буй асуудлуудын талаар огтхон ч цухуйлгасангүй. 2023 онд тухайн яаманд Ховд аймгийн Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, мөн байгаль хамгаалах, уул уурхайн хариуцлага ил тод байдалд хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас хүргэгдсэн Халзан бүрэгтэй дэх газрын ховор элементийн ордын тусгай зөвшөөрөл хууль бус болохыг хянуулж, дүгнэлт гаргуулах тухай өргөдлийг хэлэлцүүлэхгүй, хянан шийдвэрлэхгүй хоёр жилийн нүүр үзэж байгаа шалтгаанаа хальт мөлт тайлбарлахдаа уг өргөдөл болон хавсаргасан материалууд нь журмын шаардлага хангахгүй байгаа мэтээр гөрдөж, худал хэлэв. Тиймээс орон нутгийн мэдээллийн 5 минутын цаг дээр Халзан бүрэгтэй төслийг тойрсон асуудлууд, олон нийтийн мэдэх эрхийн зөрчил зэрэгт хараат бус шинжилгээ, үнэлгээ хийсэн “Ховдын толь сонин” НҮТББ-ын төлөөллөөс мэдээлэл хийхдээ БОУАӨ-ийн яамны газрын дарга тухайн асуудал дээр худал ярьсан болохыг, яаманд хүргэгдсэн материал сайдын тушаалаар батлагдсан тусгай зөвшөөрөл цуцлуулах дүгнэлт гаргуулах тухай өргөдөл, гаргах, түүнийг хянан хэлэлцэхэд баримтлах журмын шаардлагыг хангасан, хангалттай нотлох баримт, материалыг хүргүүлсэн гэдгийг, энэ асуудлаар БОУАӨЯ-ны газрын дарга Г.Энхмөнхтэй мэтгэлцэх шаардлага үүсч байгааг (сонсгол дээр тэрхүү албан тушаалтан илт худал ярьсны улмаас) хэлсэн. Гэвч УИХ-ын байнгын хорооноос гаргасан сонсголын тайланд энэхүү маргаан зөрчилтэй асуудлыг хянасан тухай, эсвэл хэрхэн хянан шийдвэрлэх тухай юу ч дурьдаагүй орхисон байна.
Сонсгол даргалагч болон ажлын хэсгийг 9 дүгээр сарын 7-9-нд Ховд аймагт очиж ажиллах үеэр нь эдгээр дурьдагдаж буй зүйлүүдийн талаарх тодорхой мэдээлэл, материалуудыг сонсгол даргалагч Б.Баярбаатарт мэдүүлж, УИХ-ын хяналт шалгалтын газрын дарга Ч.Онончимэгт гардуулж өгсөн тухай дээр дурьдсан. Ажлын хэсгийнхэн, тэр дундаа томилогдон ажилласан шинжээч тухайн материалыг заавал үзэж танилцаж, түүнтэй холбоотой нэмэлт баримт сэлтүүдийг цуглуулан, тухайн материалыг өгсөн этгээдтэй холбогдож асуудлуудыг тодруулах нь гарцаагүй хийгдэх зүйл. Гэтэл сонсгол дээр байгаль орчны нөлөөллийн асуудлаар шинжилсэн хэмээн дүгнэлт танилцуулсан Н.Наранцэцэг шинжээч бас л энэ талаар нэг ч үг цухуйлгаагүй нь хачирхалтай. Н.Наранцэцэгийн танилцуулсан танилцуулга бол тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн захиалгаар хийгддэг нөлөөллийн үнэлгээн дээр ажилласан үнэлгээний компаний л танилцуулга байна гэхээр мэдээлэл байсныг бас хэлэх хэрэгтэй!
Тэрчлэн цацрагийн шинжилгээний дүн, дүгнэлт, эрсдэлт нөхцөл байдлын талаар тухайн асуудлаар танилцуулга хийсэн шинжээчийн (Т.Аззаяа) мэдээлэлд яригдсан зүйлс, оролцогчдын асуултад хариулсан хариулт нь орон нутгийн хараат бус шинжилгээний дүгнэлтэд үндэслэсэн мэдээлэл, мөн оролцогчдын асуултад хариулсан Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн даргын хариулт зэрэгтэй эрс зөрчилдөж, маш их зөрөөтэй байгааг хэрхэн нягтлан тодруулах, маргаанийг хэрхэн шийдэх тухайд ч тайлангийн санал дүгнэлт хэсэгт сох орхигдуулсан байна. Харин ч илт нэг талыг баримтлаж, зөвхөн шинжээчдийн хэлсэн ярьсан л хөдлөшгүй үнэн, бусад талуудын ярьсан танилцуулсан нь худал, тэр ч атугай үзүүлсэн нотлох баримтууд ч худал мэтээр тайлангийн санал дүгнэлт хэсэгт оруулсан нь харамсалтай! Үүнтэй холбогдуулан бичихэд шинжээчийг хэн хэрхэн, яаж томилсон вэ? гэдэг асуудал энд яригдах ёстой. Олон талуудаас санал гомдолтой, маргаан зөрчилтэй ийм асуудалд шинжээчийг томилохдоо зүгээр нэг эрх мэдэлтнүүдийн үзэмжээр, аль нэг талын давамгайллаар бус, тэдгээр бүх талуудын санал зөвшилцөлд тулгуурлан сонгож, томилж байх нь шудрага ёсны нэн түгээмэл нийтлэг зарчим гэдгийг энд сануулахыг хүснэ !
Гурав: Сонсгол даргалагчийн ёс зүйн асуудал:
- Халзан бүрэгтэй төслийг “шантааж” хийж, ашиг олдог хэдэн нөхөд л эсэргүүцээд байгаа мэтээр, түүнийг өөрөө нотолчихсон мэтээр хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй, бодит байдлыг гажуудуулсан гэхэд маш явуургүйгээр гажуудуулсан зүйлүүдийг ярьсан нь ёс зүйн хувьд огт байж боломгүй зүйл гэж үзэж байна.
Сонсгол даргалагч Б.Баярбаатарын энэхүү зохисгүй зан байдал, үйлдлийг УИХ-ын ёс зүйн байнгын хороо, болон холбогдох эрх бүхий газраар хянаж хэлэлцлүүлэн. хуулийн хариуцлага оногдуулж, цаашид ийм үйлдэл давтагдахгүй байхад сайн нөлөө үзүүлэхийг хүсэж байна.
Дөрөв: Сонсголын тайлан, санал дүгнэлтийн тухай
Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 3-т: “Халзан бүрэгтэйн орд бол ураны орд биш, газрын ховор элементийн орд бөгөөд ашиглалтанд бэлтгэгдэж байгаа Монгол Улсын анхны төсөл юм” хэмээсэн ямар зорилгоор бичсэн нь ойлгомжгүй сонсголын сэдэв, сонсгол дээр яригдсан зүйлсийн агуулгаас гажууд солиу зүйлийг оруулсан нь ойлгомжгүй байна. Учир нь сонсгол дээр “Халзан бүрэгтэйн орд нь ураны орд гэж хэн ч хэлээгүй. Харин тухайн орд газар цацраг идэвхт ашигт малтмалын орд болох нь Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.15 дахь заалтуудаар тодорхой нотлогдож байгааг зарим мэдээлэл хийсэн, асуултад хариулт өгсөн хүмүүс хэлсэн. Гэвч үүнийг дурьдахгүйгээр шал солиу гажуу зүйл бичсэн нь хачирхалтай !
Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 4-т: “Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордод агуулагдаж буй элементүүд нь өөрөөсөө цацраг идэвхгүй” хэмээн санаатай худал зүйл бичсэн нь маш хариуцлагагүй явдал. Энэ тухайд сонсгол дээрх мэдээлэл хийсэн, асуултад хариулсан, үг хэлсэн хүмүүсийн маргаантай, эсрэг тэсрэг байр суурийг тодруулж, нягтлах ямар ч оролдлого хийлгүйгээр ийм санаатай, нэг талын, худал дүгнэлт хийх нь зохисгүй зүйл !
Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 5-д “Халзан бүрэгтэйн ордоос нийлмэл исэл үйлдвэрлэх нь өндөр ач холбогдолтой. Эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр болох чухал төсөл” гэж бичсэн нь сонсгол дээр танилцуулагдсан 2023 онд Цөмийн энергийн газраас гаргасан албан ёсны дүгнэлт, хараат бус судалгааны материалуудыг үндэслэн “Нөөцийн шудрага ёс” иргэний нийгмийн эвслээс гаргасан дүгнэлт, тэрчлэн Үндэсний Геологийн албаны дарга Н.Мөнхбилэг зэрэг мэргэжлийн байгууллагын хариуцлагатай албаны хүмүүсийн ярьж хэлснээс ихээхэн зөрөөтэй, маргаантай байгааг харгалзаж үзээгүй, нэмэлт судалгаа хийгээгүй, нягтлаагүйн дээр, тодорхой ямар судалгааг үндэслэж ингэж дүгнэж байгаагаа тодруулаагүй, ямар ч эх сурвалжгүй санаан зоргын, таамаг дүгнэлт гэж үзэж байна.
Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 6-д: “Байгалийн цацраг гэдэг нь ердийн ашигт малтмалын ордуудад ч байх бөгөөд Халзан бүрэгтэй ордод агуулагдах уран 0.009 хувь байгаа нь Монгол Улсын бусад газрын ховор элементийн үзүүлэлтээс бага үзүүлэлт юм гэсэн нь ямар эх сурвалжид үндэслэсэн, хэний гаргасан дүгнэлт болох нь тодорхойгүй (бодвол томилогдсон шинжээчийн үг байх), сонсгол дээр танилцуулагдсан тухайн орд газар хийгдсэн Коваленко тэргүүтэй олон улсын судлаачдын багийн эрдэм шинжилгээний дүгнэлт, Монгол Улсын Ц.Энхбат зэрэг эрдэмтдийн эрдэм шинжилгээний дүгнэлт, тэрчлэн Цөмийн энергийн комиссын дүгнэлт зэргээс мөн эрс зөрүүтэй байгаа атал шалган нягтлахгүй хүч түрсэн, “хийрхүү” дүгнэлт болсон байна !
Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 7-д: Халзан бүрэгтэй дэх “МНРИК” ХХК-ны тусгай зөвшөөрлийн бүртгэлийн мэдээллийн талаар “шинжээч гэх” Х.Лхагвабаатарын мэдээллээс эш татсан нь зүгээр Ашигт малтмал, газрын тосны газарт буй бүртгэлийн мэдээлэл бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой илэрсэн зөрчлийг шинжилсэн зүйл биш юм гэдгийг дээр үгүүлсэн. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн зөрчлийг сонсгол дээр тодорхой танилцуулсаар байхад тайланд оруулахгүйгээр зориудаар нуун дарагдуулсан байна !
Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн 10-т: “Халзан бүрэгтэй төсөл” орчимд цацрагийн хэмжээ хамгийн их газраа 1.67 микрозиврт/ц байгаа нь шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хүний биед нөлөө үзүүлэх эрсдэл байхгүй” гэж дүгнэсэн нь мөн л үзэл бодолд тулгуурласан, таамаг шинжтэй, хэтэрхий хариуцлагагүй, илт увайгүй дүгнэлт юм. Сонсгол дээр энэ талаар судалж мэдсэн хэд хэдэн мэргэжлийн судлаач, эрдэмтэд маш тодорхой мэдээллүүд өгсөн нь үүнээс хол зөрүүтэй байгааг тайлан бичигчид нягтлахыг хүссэнгүй. Жич: тэдгээр хүмүүс нь өөрсдийн эрдмийн цол гуншин, эрхлэдэг ажлаа дурьдалгүйгээр зүгээр иргэн гэж өөрийгөө танилцуулж ярьсан нь тайлан бичигчдийг ийнхүү увайгүй үйлдэл хийхэд өөш болсон бололтой !
Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 12-т: “Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан гэсэн нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээллээр нотлогдоогүй” гэсэн нь мөн л маш хариуцлагагүй, зориудаар зохиож, гуйвуулж бичсэн, үзэл бодолд суурилсан дүгнэлт байна. Сонсгол дээр усны нөөц болон чанарт ноцтой хохирол учруулсан гэж хэн нэгэн яриагүй. Харин ус ашиглах дүгнэлт, зөвшөөрлүүдийг олгосон үйл явцууд нь хууль зөрчсөн болохыг судалж, авилгатай тэмцэх газарт хандсан, АТГ хэрэг үүсгэн шалгаж байгааг мэдүүлсэн. Мөн Усны асуудал эрхлэсэн Төрийн Захиргааны төв байгууллага буюу усны газрын дарга З.Батбаяр сонсгол дээр хэлэхдээ Халзан бүрэгтэйд хэрэв олборлолт явуулбал, тухайн компаний одоогоор ашиглана гэж тооцсон, зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаснаар нь тооцвол усны нөөц хүрэлцэх ямар ч боломжгүй” гэж мэдэгдсэнийг зориудаар, санаатайгаар үгүйсгэсэн байна !
Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 13-т: “Орон нутгийн иргэд болон ТББ-уудаас төслийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлуудыг Төрийн байгууллагаас тодруулахад үндэслэл муутай, нотлогдохгүй байсан” гэсэн нь зориудын гүтгэлгийн шинжтэй бичвэр байна! Тиймээс энэ асуудлыг тухайн тайлан бичигч болон “тодруулсан гэх” төрийн байгууллагын тухайн мэдээллийг өгсөн этгээдтэй хамт нягтлан, шалгуулах, халз мэтгэлцэх замаар үнэн мөнийг тогтоолгохыг шаардаж байна!
Тав: Сонсголыг мэдээлсэн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн талаар:
Сонсголын тайланд уг сонсголыг МҮОНРТ шууд дамжуулсныг дурьдаснаас гадна 13 мэдээллийн сайт, 8 телевиз сонсголыг мэдээлсэн гэжээ. Эдгээр мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх мэргэжлийн зарчимаа хэрхэн баримтлаж ажилласан тухайд шүүмжлэлтэй зүйл арвин байна. Юуны өмнө сонсголоос контент бэлтгэж цацсан мэдээллийн сайт, телевизүүдийн аль нь ч бидний гаргаж буй энэхүү шүүмжид бичигдсэн шүүмжлэлтэй асуудлуудыг мэдээлэлдээ оруулаагүй. Үндсэндээ нэг талыг баримтласан өнгө аяс, агуулгатай контентүүдээр олон нийтийг бөмбөгдсөн. Орон нутгаас мэдээлэл хийсэн, бодитой баримттай асуудал, зөрчлийн талаар ярьсан хүмүүсийн үг яриа тэдгээр мэдээллийн хэрэгслүүдийн контентэнд байр зайгаа эзлээгүй. Зарим сайт, телевизүүд энэ тухай яриа, ярилцлага авсан ч түүнийгээ гаргаагүй, үнэнийг зориудаар нуун дарагдуулсан (ямар ямар мэдээллийн хэрэгсэл хэнээс яриа авснаа гаргаагүй нь баримттай зүйл) нь хачирхалтай.
Энэ байдлаас харахад сонсголыг сурвалжилж мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ашиг сонирхлын зөрчил ихтэй, тохироо, үгсэн хуйвалдаан байгаа гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлж байна. Тиймээс сонсголыг мэдээлсэн гэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бэлтгэж гаргасан контентүүдэд анализ хийж, ашиг сонирхлын зөрчлийг шалган тогтоох шаардлага байна гэж үзэж байна !
Эдгээрээс харахад сонсголын тайлангийн дүгнэлт нь дийлэнхдээ худал дүгнэлт болсон байна !
Зургаа: Өргөдөл, гомдол гаргасны учир:
Тиймээс: “Халзан бүрэгтэй”-н ордын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг нарийвчлэн судлах нь” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан үйл явц, сонсгол дээр хөндөгдөж, яригдсан зүйлсийн үнэн мөн чанар, тухайн сонсголыг зохион байгуулахад Нийтийн сонсголын тухай хууль болон холбогдох хууль журмуудыг хэрхэн хэрэгжүүлж, ажилласан, сонсголын тайлан, дүгнэлтэнд бичигдсэн бидний хүлээн зөвшөөрөхгүй байгаа, үндэслэлгүй, худал, хуурмаг зүйлүүдийн талаар энэ тухай өргөдөл, гомдол гаргагчид, сонсголд оролцогчид, тэрчлэн хараат бус хөндлөнгийн шинжээчид, тухайн асуудлаар саналаа илэрхийлсэн бүх талуудын төлөөллүүдийг байлцуулан, хуулийн хүрээнд, нээлттэй ил тод байдлыг бүрэн хангасан нөхцөлтэйгээр хэлэлцүүлж шийдвэрлэхийг хүсэж энэхүү өргөдөл гомдол хүргүүлж байна” гэжээ.
Өргөдөлд 40 гаруй оролцогч гарын үсэг зуржээ.