Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл болон Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежийн хамтран ажиллах гэрээний дагуу Булган, Алтай, Үенч, Мөст, Цэцэг, Дөргөн сумын хувиараа ашигт малмтал олборлогч иргэдийг хамруулсан 20.385.000 төгрөгийн өртөг бүхий төслийг шинээр хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ төслийн зорилго нь Бичил уурхай эрхлэгчдийн хандлагыг өөрчилж, мэргэжил эзэмшүүлэн өөр ажил эрхлэн амьдрах, эрсдэлгүй ажиллах баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх явдал юм.
Төслийн хүрээнд дээрх сумдын бичил уурхай эрхлэгч 250 иргэн, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 30 нөхөрлөл, ТББ-ын ахлагч нартай уулзалт хийж, сумын төв дээр болон бичил уурхайн олборлолтын газар дээр нь очиж “Мэргэжилтэй байхын ач холбогдол”, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцахын давуу тал, боломжийн талаар сургалт зохион байгуулав.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зохион байгуулж, гарын авлага, ном сурах бичиг олголоо. Сургалтын үр дүнд бичил уурхайчдад аюул ослоос хэрхэн сэргийлэх, эрүүл мэнд амь насаа хамгаалах, анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлж, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээ хэрэглэх, аюулгүй байдлаа ханган ажиллахын ач холбогдлыг таниуллаа.
Алтай сумын 12 иргэнд “ Жимс, хүнсний ногоо боловсруулах”, Булган сумын 13 иргэнд “Талх нарийн боов үйлдвэрлэх" чадамжаар мэргэжлийн ур чадвар олгох богино хугацааны сургалтыг 2018 оны 05 сарын 16 наас 30 ны өдрүүдэд амжилтай зохион байгуулж, чадамжийн гэрчилгээ олгов.
Богино хугацааны мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд хамрагдсан иргэдийг төгсөгчдийн мөшгих судалгаанд хамруулж, ажлын байранд зуучлах ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Бичил уурхай эрхлэгч 15 иргэнийг насанд хүрэгчдийн нэг жилийн сургалтанд сургаж, мэргэжил эзэмшүүлэхээр сумдад хуваарийг хүргэв. Сургалтанд хамрагдах иргэд өөрсдийн сонирхлоор суралцах мэргэжлээ сонгох бөгөөд, төслийн санхүүжилтээр сард 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм.
Төслийн захиалгат ажлын үр дүнд бичил уурхай эрхлэн амьдарч буй иргэдэд мэргэжил эзэмшүүлэн, өөрөөр амьдрах боломжийг бий болгож сум орон нутагт ажилтай иргэдийг тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Бидний ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж, төслийг хамтран хэрэгжүүлж буй Булган, Алтай, Үенч, Мөст, Цэцэг, Дөргөн сумын Засаг дарга, Тамгын газрын ажилтнууд, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нарт талархал илэрхийлье.