Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт
Жил бүрийн тавдугаар сарын 3-нд дэлхий нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг таниулах, үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөгөө хамгаалах болон мэдээлэх үүргээ сануулах зорилгоор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг заншил нэгэнт тогтжээ. 1991 онд Намиби улсын Виндхук хотноо Африкийн сэтгүүлчдийн санаачилсан хэвлэлийн эрх чөлөөний зарчмуудын тухай “Виндхукийн тунхаглал” гарсан нь үүнд чухал нөлөө үзүүлсэн гэдэг.
Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс мөргөлдөөн янз бүрийн хямралтай нүүр тулж, нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал, шилжилт хөдөлгөөн, байгаль орчны сүйрэл гээд сөрөг нөлөөллүүд бий болж байна. Үүнтэй зэрэгцэн цахим орчинд ташаа мэдээлэл улам гаарч, ардчилал, хууль эрх зүй, хүний эрхийн асуудлууд ноцтой зөрчигдсөөр байгааг ЮНЕСКО-гоос сүүлийн жилүүдэд онцлох болсон.
НҮБ-ын ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассамблейгаас “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хувь хүн, хувийн хэвшил болон төрийн байгууллагаас мэдээлэл авах, иргэний болоод улс төрийн эрхийн тухай олон улсын фактын дагуу үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй” хэмээн 2013 онд тунхагласан. Мөн “сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хүний эрхийг хамгаалагчдын эсрэг гэмт хэрэгтэй адилтган үзнэ” хэмээн онцлосон байдаг. Гэвч зарим улс орон үүнийг баримтлахгүй байгааг “Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагаас /RSF/ гаргадаг үзүүлэлт нотолсоор байгаа юм. Жил бүр улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хангаж байгаа байдлаар нь жагсааж байр эзүүлдэг бөгөөд өнгөрсөн 2024 онд Монгол Улс нийт 180 орноос 109 дүгээрт жагсаж өмнөх жилүүдээс ухарсан байдаг. Хэвлэлийн эрх чөлөөний индексийн гол үзүүлэлтэд олон ургальч үзэл, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчин, ил тод байдал, хэвлэл мэдээллийг дэмжих дэд бүтэц зэрэг шалгуурууд хамгийн чухалд тооцогддог байна. Мөн тухайн орны сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл, заналхийлэлтэй холбоотой тоон мэдээллийг нэгтгэн тооцдогоороо онцлогтой ажээ.
Хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахад чухал зүйлүүдийн нэг нь эрх зүйн орчин гэдэг үүднээс Манай Улсад 2024 оноос Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан нь сайшаалтай ч бодит амьдрал дээр үүнийг тухайн салбарынхан ч тэр бүр мэдээгүй байгаа нь харамсалтай. Хууль тогтоомжийн тухай хуулиар бол хуулийн төсөл боловсруулах явцдаа эрх ашиг нь хөндөгдөх талууд хийгээд тухайн хуультай холбоотой салбарынхан, тэрчлэн олон нийтэд сайтар мэдүүлж, саналыг нь цуглуулж, хэлэлцүүлгүүд өрнүүлэх ёстой. Өргөн баригдсан гэх хуулийн төслийг харвал тухайн салбарын тулгамдсан асуудал, тогтолцооны шинжтэй бэрхшээлүүдийг шинжилж, түүнээс гарах арга замыг эрэлхийлсэн зүйл харагдахгүй, харин нийтлэг загварыг жишиг болгох маягаар түгээмэл ойлголтуудыг загварчлан, хуульчилахыг л чухалчилсан гэхээр харагдана.
Өнөөдрийн бодит амьдралд тухайн салбарт тулгараад байгаа бэрхшээлт зүйлүүд тухайлбал хараат бус, бие даасан байдлын тухайд авч үзэхэд юуны өмнө эдийн засгийн хараат бус байдал, эдийн засгийн эрх тэгш байдлыг хангах баталгааг нь бүрдүүлэхгүйгээр энэ тухай ярих боломжгүй. Гэтэл хуулийн төсөлд үүнийг тусгасан нь үгүй байна.
Тэрчлэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн шудрага байдлын үнэлэмж, хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн үнэлэмжийг баталгаажуулах асуудал нэн чухал боловч үүнд нөлөөлөх таатай орчныг бий болгох асуудал орхигдсон хэвээр. Эдгээр үнэлэмжүүд бүдгэрсний улмаас өнөөдөр сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн мөнгөтэй, эрх мэдэлтэйчүүдэд үйлчилж оршин тогтнох баталгаагаа хайх замаар худалдагдах нь хавтгайрсан. Гэтэл хуулийн төсөлд “төрөөс, төрийн байгууллагаас хараат бус байх” хэмээн онцлосон атлаа улс төрд нөлөө бүхий этгээдүүдээс, бизнесийн болон ашиг хонжооны бүлэглэлээс, ашиг хонжоо хайгчдаас хараат бус байх, шудрага ёсны үнэлэмжийг чухалчилах талаар зохицуулалт огт тусгагдаагүй байна.
Орон нутгийн жишээн дээр авч үзэхэд нутгийн захиргаа, удирдлагын байгууллагууд хэвлэл мэдээллийн салбарын байгууллагуудтай харилцахдаа тэгш бус ханддаг, хуйвалдах, ялгаварлан гадуурхах байдал гаргадаг явдал бий. Тэрчлэн улс төрийн болон төрийн байгууллага, төртэй хамаарал бүхий томоохон бизнесийн ашиг сонирхол бүхий этгээдүүдээс хэвлэл мэдээллийн байгууллага, болон сэтгүүлчидтэй, нөгөө талаасаа хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдээс тэдэнтэй харилцаж буй харилцааг ил тод нээлттэй байлгах зарчмыг чухалчилах хэрэгтэй. Тэгш бус хандах, хуйвалдах явдал газар авсан нь нийгмийн зан суртахуун, сэтгэл зүйд ч үлэмж сөрөг нөлөөтэй нь харагдсаар байгаа билээ.
Мөнхүү сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалах талаар шинэ хуулийн төсөлд дорвитой зохицуулалт ороогүй байна. Бодит амьдрал дээр хэвлэлийн эрх чөлөө нь хууль эрх зүйн орчин, хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засгийн байдал, улс төрийн хүрээнээс хамаарсаар ирсэн. Тэр утгаараа Монголд хэвлэлийн эрх чөлөө, нэн ялангуяа хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдал огт биеллээ олохгүй байгаа гэдэгтэй олон хүмүүс санал нийлдэг. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахын тулд цогц байдлаар асуудлыг авч үзэх явдал нэн чухал.
Аливаа улсын иргэн бүр ямар ч асуудлаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх язгуур эрхээ баталгаатай эдлэх ёстой билээ.
Редакци