Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойд
Г.ХУЛАН
Дэлхийн II дайны буюу “агуу их эх орны дайн”-ы ялалтын түүхт 80 жилийн ойд зориулан, “МОНЦАМЭ” сонинд урьд нь нийтлэгдэж байсан судлаач Г.Хулангийн энэхүү нийтлэлийг толилуулж байна. Өнөөгийн бидний цаг үед цэрэг зэвсгийн дайнаас илүү мэдээллийн болон суртлын дайн хүчтэй явагдаж, энэ нь хил хязгааргүй гамшгийг авч ирэх нэн сөрөг үр дагаварыг дауулж буй нь бидний өвөг дээдсийн тайлж нээсэн байсан “халуун, шулуун, нялуун дайн”-уудын нэгээхэн илрэл нь буйзаа! Өнөөдөр “мэдээллийн болон суртлын дайн” дэлхий нийтийг хамарч, манай Монгол Улс ч үүнд даамай нэрвэгдэж байгааг сануулан сэрэмжлүүлэх дашрамд, тухайн асуудлыг хөндсөн нийтлэлийг ийнхүү толилуулж байна.
Цаг хугацаа өнгөрсөөр дэлхийн II дайны тэр аймшигт өдрүүдийн гэрчүүд, тэр бүхнийг өөрийн биеэр туулсан өдгөө амьд сэрүүн буй баатарлаг ахмад дайчид жил ирэх тусам цөөрсөөр. Фашистын Германы эсрэг дайныг үзсэн эдгээр хүмүүс ялалт байгуулснаас хойш 80 жилийн дараа түүхэн үнэнийг гуйвуулсан уйваагүй, зарчимгүй шударга бус зүйлсийг үзэх сонсох болсон нь үнэхээр сэтгэл шимшрэм. ”Барууныхан” түүхэн үйл явдлын эсрэг “мэдээллийн дайн” хийж, баримтыг санаатайгаар гуйвуулах нь хавтгайрсан билээ. Түүхийг гуйвуулах гэсэн оролдлого хэрээс хэтэрч барууны улстөрчид, сэтгүүлчид ”Зөвлөлт бол гол эзлэн түрэмгийлэгч байсан” хэмээн гудиггүй сурталдах болсон. Түүнээс гадна фашистын Германыг ялахад Зөвлөлтийн оруулсан хувь нэмрийг аль болох үнэгүйдүүлж, ард иргэддээ ийм мэдээлэл тараагаад зогсохгүй, сурах бичигтээ хүртэл худлаа бичсэн нь бий.
Тиймээс ч ОХУ Төрийн Дум дэлхийн II дайнтай холбоотой түүхэн үнэнийг гуйвуулсан нөхцөлд хариуцлага хүлээлгэх тухай хууль баталсан билээ.
Хэн буруутай вэ?
Өнөө цагт барууныхан дэлхийн II дайныг эхлүүлсэн хэмээн Зөвлөлтийг буруутгах янз бүрийн арга хэрэглэж, ЗСБНХУ ч нацистын Германы адил хариуцлага хүлээх ёстой мэтээр гүтгэх явдал гарах болсон. Ингэхдээ 1939 онд Зөвлөлт-Германы байгуулсан харилцан довтлохгүй байх гэрээ буюу “Молотов-Риббентропын гэрээ” -г буруутгах үндсээ болгосон. Яагаад тэд дайн эхлэхээс өмнө болсон үйл явдлуудыг үгүйсгэх болов? Яагаад гэхээр үнэн нь тэдний төлөвлөгөөнд нийцэхгүй байсан хэрэг.
Хамгийн гол шалтгаан нь барууны орнууд Гитлерийн эсрэг эвсэл байгуулсантай холбоотой. Учир нь Гитлерийн Герман дэлхийн I дайнд ялагдчихаад хариугаа авахыг санаархаж, Европын орнуудаас дэмжлэг авч чадахгүй байсныг Зөвлөлт олж хараад барууны орнуудаас эвсэл байгуулахыг шаардсан байдаг. Дэлхийн I дайнаас II дайн хүртэлх хугацаанд барууны орнууд улсынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалах нэгдсэн системтэй болохыг хүсээгүй (Зөвлөлт ийм санал дэвшүүлсэн) харин Зөвлөлтийг үзэл суртлын хувьд дайсан хэмээн үзэж байсан тул тэд Германтай хоёр талын гэрээ байгуулсандаа нэлээд найдсан. Ингэж л аюулыг өөрсдөөсөө холдуулахыг завдсан юм.
Ингээд ЗСБНХУ Европт холбоотонгүй болж, ганцаардсан. Аливаа асуудлыг шийдэхдээ Зөвлөлтийг оролцуулахгүй, эрх ашигт нь нийцэхгүй шийдвэр гаргаад зогсохгүй дэвшүүлсэн уриалгыг нь үл ойшоох болсон. Тодруулбал Зөвлөлтийг, большевикуудын үзэл суртлыг Германаар устгуулах бодолтой байжээ.
Ийнхүү нэг сумаар хоёр туулай агнаж, хоёр сандал дээр зэрэг суухыг санаархаж, ЗСБНХУ-ын хүчийг сулруулчихаад юу ч болоогүй мэт байхыг санаархсан хэрэг. Оросын “Танайд ч, манайд ч ашигтай” гэсэн зүйр үг бий. Барууны орнуудын байр суурийг тодорхойлоход энэ үг яг тохирно. Өөрсдийнх нь санхүүжүүлэгчдийн дэмжлэгээр хүчээ бэхжүүлсэн фашистын Герман Зөвлөлтийг хэрхэн бут цохихыг Европ хөндлөнгөөс харж ашиглана хэмээн тэд тооцоолжээ. Ингэхдээ гал дээр тос гэдэг шиг өдөөн хатгаж байдлыг улам хурцдуулсан нь Зөвлөлт, Герман хоёрыг дайтахад нөлөөлсөн юм.
Үүний нэг жишээ болгон Европын орнууд Гитлерийг яасныг саная. 1938 оны 9 сард Англи, Франц хоёр Чехословакийг Гитлерт өгсөн. Нацистуудын хүчийг дорно зүг рүү хандуулах зорилгоор ийм алхам хийсэн байдаг. Тэр жил Европын орнуудаас зөвхөн Зөвлөлт л нацистын Германтай гэрээ байгуулсан юм биш. Бусад орон ч гэрээ үзэглэж, тэр нь түүхэнд “Мюнхений хуйвалдаан” хэмээн нэрлэгдэх болсон. Үүнээс яг нэг жилийн өмнө Австрийг Германд нэгтгэснийг мартаж болохгүй. Хоорондоо холбоотой үйл явдлууд ийнхүү ар араасаа өрнөж, энэ бүхний гол зорилго нь фашистын Германыг дорно зүгт дайн эхлүүлэхэд түлхэх явдал байв. Бүүр Мюнхен хотод дайн эхлүүлэх шийдвэрийг эргэлт буцалтгүйгээр гаргасан байдаг.
Дашрамд дурдахад 1945 оны 2 сард болсон Ялтын уулзалтын үеэр Ф.Рузвельт Зөвлөлт-Германы харилцан довтлохгүй байх гэрээний асуудлыг хөндөхөд хариуд нь И.Сталин “Үнэндээ бол Мюнхенд хуйвалдаагүйсэн бол бид Германтай харилцан довтлохгүй гэсэн гэрээ байгуулахгүй байх сан” хэмээн хариулсан байдаг. Чехословакийн дараа Польш, Балтын тэнгисийн орнууд Гитлерийн идэш болно гэдгийг ойлгохгүй дүр үзүүлэх хэрэггүй байсан. Энэ нь фашистын Германы цэргүүд Зөвлөлтийн хил, тэр дундаа Ленинград, Минск, Одесса буюу улс төр, үйлдвэрлэл болон соёлын гол төв газруудад тулж ирнэ гэсэн үг байв. Тиймээс ч Зөвлөтөд өөрийн ашиг сонирхлоо хамгаалахаас өөр арга байгаагүй.
Зөвлөлтийн дипломатууд ийм үед байр сууриа өөрчилж Берлиний саналыг хүлээн авч харилцан довтлохгүй байх гэрээ байгуулах хэлэлцээгээ эхлүүлж, Зөвлөлт, Герман хоёр газар нутгийн хувьд Европт хэн нь ямар сонирхолтой талаар нууц протокол үйлдэх болсонд гайхах хэрэггүй. Иймэрхүү хоёр талын нууц гэрээг Англи, Франц, Польш ч Гитлертэй байгуулчихсан байсан. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт улс бусад улс орны адил өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс тийм арга хэмжээ авсан байдаг. Барууны орнуудын явуулж байсан бодлого нь өөр сонголт үлдээгээгүй. Германы дайралтыг хэдэн хоногоор ч болов хойшлуулах үүднээс нууц гэгдээд буй гэрээг байгуулсан. Энэ баримт бичгүүд нь аль хэдийн нууц байхаа больсон. Барууны түүхчдийн яриад байдаг нууц протоколыг анх удаагаа 1946 оны 3 сард Нюрнбергийн шүүх хурал дээр дэлгэсэн юм.
Зөвлөлт-Герман хоёр хуйвалдсан байна хэмээн гайхаж, нууц протокол байна хэмээн ярих шаардлаггүй болсон. Зөвлөлт-Герман хоёрын тэр үеийн харилцааны талаар Орос юуг ч нуулгүй дэлгэсэн бөгөөд 1939 онд байгуулсан уг баримт бичгийг 1993 онд олны хүртээл болгожээ. Сонирхсон хэн ч уншиж танилцаж болох бөгөөд тэр баримт бичгүүд дотор 1939 оны 8 дугаар сард байгуулсан харилцан довтлохгүй байх гэрээ, түүнд хавсаргасан нууц протоколын тайлбар ч бий. Тиймээс энэ гэрээг янз бүрээр тайлбарлаж шүүмжилдэг судлаачид болих хэрэгтэй бөгөөд энэ асуудалтай холбоотой бүхэн аль хэдийн ил болсон байдаг.
Хэн ялсан бэ?
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өмнө нь нийтлүүлж асан “Агуу ялалтын 75 жилийн ой: түүх болон ирээдүйн өмнө хүлээх бид бүхний хариуцлага” нийтлэлдээ холбоотнууд хэрхэн тусалж дэмжиж байсан талаар илэн далангуй бичиж ялалт байгуулахад дайсантай тэмцэж байсан бүх улс, ард түмний хүчин зүтгэл орсон хэмээн онцолсон. Тэрээр Улаан Армид зэвсэг, түүхий эд, хүнс болон техникийн тусламж үзүүлсэн холбоотнуудад үргэлж талархдаг гэдгээ ч дурдсан. Зөвлөлтөд чамлахааргүй тусламж үзүүлсэн. Тэдгээр тусламж нь Зөвлөлтийн цэргийн зориулалтын үйлдвэрлэлийн 7 хувьтай тэнцэж байжээ.
ЗСБНХУ-д хамгийн түрүүн Монгол Улс тусламжийн гараа сунгасан гэдгийг ч Орос мартаагүй. 1941 оны 6-р сарын 22-ны үүрээр дайн эхэлсэн бөгөөд мөн өдөр БНМАУ Зөвлөлтөд боломжоороо тусламж үзүүлэх шийдвэр гаргасан байдаг. Цэргийн шинелийг Монголын сайн чанарын ноосоор хийж байсан бөгөөд тал нутгаас Зөвлөлт рүү 64 тонн ноос илгээсэн. Фронтод байлдаж явсан таван цэрэг тутмын нэг нь монгол ноосоор хийсэн шинель өмсөж байсан гэсэн үг. Зөвлөлтөд 500 мянган монгол морь бэлэглэсэн. Монгол нь агуу эх орны дайныг өөрийн улс оронд нь тулгарсан аюул мэтээр хүлээн авсан бөгөөд ялалт байгуулахад хувь нэмрээ оруулсан юм. Өнөөдөр ОХУ холбоотнуудынхаа оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархаж, тусламж үзүүлснийг үнэлж энэ талаар шударга, илэн далангуй ярьдаг.
Зөвлөлтийн арми фронтын шугамаас Германы танкуудын тавны дөрвийг, байлдааны онгоцны гуравны хоёрыг гаргасан. Нийтдээ Зөвлөлт Улс Гитлерийн эсрэг цэргийн эвслийн зэвсэг техникийг 75 хувийг тээвэрлэж зөөсөн. Дашрамд дурдахад, Германы цэргийг бут цохиход Зөвлөлт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дайны үед барууны орнуудын удирдагчид хүлээн зөвшөөрч байсан. 1942 оны 4-р сарын 28-нд Рузвельт Америкийн ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ, “Оросууд эвсэлд орсон орнуудын цэргүүдээс илүү олон дайсны амьд хүч, онгоц, танк болон их бууг устгасан бөгөөд устгасаар байна” гэжээ. 1944 оны 9-р сарын 27-нд Черчилль Сталинд илгээсэн бичигтээ “Оросын арми Германы зэвсэгт хүчин хэмээх том машины амин сүнсийг нь устгалаа...” гэсэн байдаг. Олон цэрэг эрсийнхээ амийг золиосолсон Зөвлөлт гавьяа байгуулсан нь үнэн болохыг эдгээр баримтууд гэрчилнэ. Зөвлөлтийн бараг 27 сая цэрэг фронтын шугаманд, германчуудад олзлогдож, өлсөж, бөмбөгдөлтөд өртөж, шорон болон хорих лагерьт нас барсан. Харамсалтай нь юугаар ч нөхөгдөшгүй энэ их гарз үүгээр дууссангүй. ЗСБНХУ-ын 7 хүн тутмаас нэг, Их Британийн 127 хүн тутмын нэг, АНУ-ын 320 хүн тутмын нэг нь дайнд амь үрэгдсэн.
Гэтэл яагаад фашистыг бут цохиход Зөвлөлтийн гүйцэтгэсэн үүргийн талаар холбоотон байсан орнуудын байр сууриа танигдахгүй болтол өөрчлөв. Хариулт нь ойлгомжтой. Дайны дараа дэлхийд шинэ тогтолцоо бий болоход ЗСБНХУ нэлээд нөлөөлж, өнөөдөр ОХУ улам бүр хүчирхэг болж байгаа нь барууныхны дургүйцлийг төрүүлж, улмаар түүхийг гуйвуулах арга хэрэглэхэд нь нөлөөлжээ. Ингэхдээ түүхэн үйл явдлын талаар ямар ч мэдлэггүй залуу үеийнхэн тэдний гол бай нь болжээ. Дэлхийг түрэмгийлэн эзлэхийг санаархаж, улмаар Европыг эзэлсэн байсан фашистуудыг Зөвлөлт ганцаараа ялсныг хүлээн зөвшөөрөх нь, Оросын сүр хүчийг бишрэх, тус Улсыг дэлхийн хүчирхэг гүрнүүдиийн нэг гэдэгтэй санал нийлэхтэй утга нэг байсан учраас, аймшигт дайсны эсрэг Зөвлөлтийн ард түмэн тэмцэж, тэднийг ялсныг барууны өнөөгийн залуучууд мэдвээс Оросын ард түмнийг гүнээ хүндэтгэх нь мэдээжийн зүйл байсан учраас тэд ийм аргад шилжсэн байдаг нь харамсалтай. Тэд түүхийг илтээр гуйвуулан барууныхны хүчинд дайныг 1945 оны 5-р сард дуусгасан мэтээр сонинд бичиж, телевизээр ярих болсон. Үүгээр ч зогсохгүй сурах бичиг, номуудад бичсэн ийм худал зүйлийг ихээр оруулах болсон. Жишээ болгож “Британ XX зуунд” (зохиогч Ч.Мор) хэмээх ахлах сургууль, оюутнуудад зориулсан сурах бичгийг аваад үзье. Дэлхийн II дайн талаар “Оросын оруулсан хувь нэмэр мэдээж үнэлэшгүй их, гэхдээ тэд зөвхөн зүүн фронтод дайтсан. Холбоотнуудын ерөнхий стратегийг хэрэгжүүлэхэд оросууд нөөц хүчээр хангах, Англи-Америкийн цэргийг Францад яаралтай буулгах үүрэг гүйцэтгэсэн” хэмээн гүйцэтгэсэн үүргийг нь багасгаж, гөрдөж бичсэн байдаг. Зөвлөлтийг эсэргүүцдэг Оросын цагаачид хүртэл үүнийг “Баруун Европт олон жил амьдарч байгаа бид үүнийг уншаад гайхширдаг. Гайхалтайгаар түүхэн үнэнийг гуйвуулж, Европын мөн чанарт итгэдэг бидний итгэлийг алдагдуулж байна” гэх болсон.
Дайны талаарх тайлбар, түүний эхлэл, төгсгөл зэргийг барууны үзэл сурталд нийцүүлэх гэснээс түүхэн үнэн ийнхүү гажуудах болсоныг залуу хойч үед таниулах нь зүй юм. Үнэндээ нацистуудын удирдагчид АНУ-тай тусдаа энхтайвны гэрээ байгуулж, дараа нь Зөвлөлтийн эсрэг дайтах санааатай байсан. Баримт бичгүүдээс үзэхэд Сталин үүнийг мэдсэн бөгөөд энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс ихэд болгоомжилж байжээ. Харин Улаан Армийн цэргүүд Берлинийг эзлэн авснаар энэ нь биеллээ олж чадаагүй. Ийм төлөвлөгөөтэй байсны баталгаа нь 1945 оны 5-р сарын 7-нд Германы тал ялагдлаа хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичигт гарын үсэг зурахдаа Францын Реймс хотод зурсан байдаг. Гэтэл Германы нийслэл нь Берлин, харин Реймс хотод Америкийн армийн удирдлага байрлаж байжээ. Энэ гутамшигт явдлыг бараг хэн ч санахгүй байгаа.
Сталин энэ талаар “Реймст байгуулсан гэрээг хүчингүйд тооцож болохгүй ч бас хүлээн зөвшөөрч болохгүй. Ялагдал түүхэн баримт учир ганц улс бус Гитлерийн эсрэг эвсэлд нэгдсэн бүх орнуудын зэвсэгт хүчний удирдлага хүлээн зөвшөөрөх ёстой” гэжээ. Оростой цуг тулалдсан барууны холбоотнууд түүхэн үнэнийг гуйвуулах болсон энэ цагт амь үрэгдсэн британи, америк францын партизануудад мэхийн ёсолж байгаад үнэнийг өчье. 1944-1945 онуудад баруун Европт болсон дайны тулалдааныг 1941-1943 онд зүүн фронтонд өрнөсөн дайнтай харьцуулахын аргагүй. Орос ганцаараа маш их эр зориг гарган аймшигт дайсантай тулалдсан бөгөөд дайн дуусахад хэдэн сар л үлдсэн байхад холбоотнууд цэрэг дайны ажиллагаанд нэгдсэн. Тэр үед Зөвлөлтийн арми Германыг ялах нь нэгэнт тодорхой болчихсон байсан. Фашистуудыг ялахад Зөвлөлт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ бол цорын ганц түүхэн үнэн. Энэ аймшигт дайн Оросын ард түмний зүрхэнд гүн шарх үлдээсэн. Айл бүр уй гашуу, үхэл хагацлыг үзэж, хотууд юу ч үгүй болсон. Зөвлөлт маш ихийг золиосолж байж энэ ялалтыг байгуулсан.
Монголын төр болон ард түмэн энэ дайнтай холбоотой дурсгалд хүндэтгэлтэй ханддагийг ОХУ өндрөөр үнэлдэг. Харин түүхэн үнэнийг гуйвуулж, гажуудуулсан бусармаг зүйлд автаж, энэ талаарх үнэнээс нүдээ халхлах нь байж боломгүй зүйл гэдгийг одоогийн залуучууд болон үр хойчид сануулж, таниулах ёстой билээ. 80 жилийн өмнө эх орноо хамгаалж, Европыг фашизмаас чөлөөлсөн баатарлаг цэргүүд ирээдүй хойчийнхоо төлөө өөрсдийгөө ч хайрлаагүй юм шүү.