Урлаг-Утга зохиол
Өнөө жилийн наадмаар Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид Д.Нацагдоржийн шагналт зохиолч Н.Сүхдорж агсаны зохиол “Галданбошигт хаан” дуулалт жүжгийг өөрийн театрын тайзнаа, найруулагч Б.Отгонхишгийн найруулгаар дахин амилуулсан нь Ховд хот үүсэн бий болсны 340 жилийн түүхэн ойг тохиолдуулж, Ховд хотын болон аймгийн эрх баригчдаас дэмжлэг амласны учирт ажээ. Дашрамд дурьдахад энэхүү түүхт ойг тэмдэглэх хүрээнд түүхийн ой санамж, ухааралд чиглэгдсэн өгөөжтэй сэдэл, үйлүүдийг өрнүүлэх болуужин гэсэн хүлээлт хэн хүнд байсан. Тэр бүх хүлээлтийг гагц энэхүү жүжгээр хариулсныг бодоход яах аргагүй ихээхэн цар далайцтай хийгээд ач холбогдолтой үйл явдал болсон хэрэг. Анх 2014 онд, Галдан хааны мэндэлсний 370 жилийн ойд зориулан, тус жүжгийг Монгол Улсын төрийн соёрхолт найруулагч Б.Мөнхдоржийн найруулгаар тайзнаа тоглуулж, тэр жилдээ “Гэгээн Муза” наадмын хэд хэдэн төрөлд “гранпри” болон тэргүүн шагналыг хүртсэн бахархам түүхтэй билээ.
Энэ удаагийн тоглолтын найруулга, жүжигчдийн дүр бүтээх ур чадвар, тайзны шийдэл, хөгжим, уран сайхны зохиомж сэлтийг чухам бахдахаас өөр үггүй. Чадварлаг сайхан тоглосон нь нүд баясгаж, сэтгэл сэргээв. Нэгэнт ийнхүү сэргээн тоглосоноо ахиулан, хаа нэгтээ хэдэнтээ толилуулбаас сайшаалтай нь магад. Гагц аливаа сэдэв, тэр тусмаа түүхэн сэдвээр зохиол бүтээл туурвиж, уран бүтээл болгон, олноо толилуулахад түүнийг тойрсон бодрол ухамж, эрэгцүүлэл, тунгаамжууд ч дагалдах нь жам бөгөөд энэ үүднээс зарим нэг эрээвэр санааг цухалзуулж, уншигч олонтоо хуваалцах бодол төрөв.
Галдан хааны үйл хэрэг, амьдрал тэмцлийн тухай зохиолчид, уран бүтээлчдийн олон бүтээлүүд бүтээгдсэн байдаг. Төрийн соёрхолт зохиолч Балжирын Догмидын 2000 оны эхээр туурвисан “Үхэл ирвээс үл эмээтүгэй” бэсрэг романыг юуны өмнө нэрлэж болох бөгөөд энэ бүтээл нь уран сайхны шийдэл, дүр зохиомж, түүнчлэн баатруудын дотоод амьдрал, оюун санааны ертөнцийг гарган үзүүлэх гэсэн оролдлогынхоо хувьд үнэ цэнэтэй бүтээл болсон. Түүнийг улбаалаад тайзны чиглэлийн хэд хэдэн томоохон бүтээлийг зохиолчид мөн туурвиснаас Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, нэрт зохиолч Булгудур М.Уянсүхийн “Тэнгэр тайсан үхэл буюу Хар сүлдний оршил”, орчуулагч, зохиолч Наваанзоч Х.Цэдэв агсны “Галдан хааны ганцаардал” дуулалт жүжгийн зохиол, мөн 2014 оноос эхлэн тайзнаа тоглогдсон, энд үгүүлэн буй Н.Сүхдорж агсаны зохиол “Галдан бошгот хаан” жүжгүүд юм. Эдгээр нь бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой чамбай бүтээлүүд бөгөөд он цагийн уртад уншигчдын мэргэн оюуны мэлмийгээр тунгаагдах нь магад.
“Галдан бошгот хаан” дуулалт жүжиг нь дөрвөн бүлэг, зургаан үзэгдэлтэй хийгээд жүжгийн үйл явдал Галдан хаан хорвоод мэндэлснээр эхэлнэ. Нэгдүгээр бүлэгт түүний бага нас, эцгийнх нь зуурдын үхэл, ахыг нь хөнөөсөн хуйвалдааны тухай, удаах бүлэгт Түвдийн орноо бурхны номонд шавилсан тухай, улмаар Галдан нутагтаа эргэж ирээд хаан ширээнд заларч Ануг хатан буулгаж байгаа тухай, басхүү Түвдийн далай ламаас “бошигт” цол хүртэж буй зэргийг үгүүлнэ. Эцсийн амьсгалаа хураатлаа Манжийн хаантай тэмцэж, эцэст нь “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэлснээр энэ жүжиг өндөрлөнө. Жүжгийн өрнөлийг агуулга, үзэл санааных нь үүднээс ажиглахад, нэгдүгээрт тухайн үеийн Зүүн гар улсын хаан Галдангийн улс, үндэстнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө нугаршгүй бөх бодолтон, цуцашгүй цогтой тэмцэгч, улс төрийн гүн бодлоготон байсныг сануулж, ирээдүй хойчид таниулахад чиглэгдсэн нь хэллэгээнгүй. Хоёрт гэвэл Галдан хааныг бурханы шашны зүтгэлтэн, Түвдийн далай ламын үнэнч шавь байж, бурханы шашны зүтгэлтнүүдээр хүрээлүүлсэн нэгэн байсныг ихэд товойлгохыг хичээсэн нь илтэд харагдана. Тэгвэл сүүлийн үеийн түүх зүйн шинжлэлийн үүднээс энэхүү хоёр дахь гол үзэл хандлагад арай няхуур, хэрсүү хандах шаардлага байгааг зарим судлаачид сануулж, гарган тавих болсныг энд дурьдахад илүүдэмгүй.
Юуны өмнө энд Галдан хааны нэр алдрын тодотголын талаар авч үзвэл зохилтой. Энэ нь жүжгийн зохиолын нэртэй давхар холбогдоно гэсэн үг. “Монголын тусгаар тогтнолын төлөө бүхий л үйл хэрэг, хувь зохиолоо өргөсөн Галдан хааны хувьд Түвдийн ламын шашныг сайтар судлан, 1663 онд V далай ламын зарлигаар “Монгол оронд Түвдийн шашныг дэлгэрүүлэхээр томилогдож байсан зэрэг нь хожмын үйл хэргийнхээ мөн чанартай зөрчилдөж байжээ” хэмээн миний бие Галдан хааны мэндэлсний 370 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр илтгэхдээ дурдсан нь дараах учир шалтгаантай.
Түүхэн сурвалж, ном зохиолуудыг боломжийн хэрээр шүүрдэж үзэхэд хэдийгээр Түвд оронд далай ламын дэргэд шашны ном үзэж 20 жилийг өнгөрөөсөн /зарим ном зохиолд ийн дурьдсан нь барагцаалсан зүйл бололтой/, бурхны шашны ном эрдэмд сайтар нэвтэрсэн, Буддын шашны Зонхова гэгээний хувилгаан гэгдэж байсан ч /Түвдийн шашны тэргүүнүүд тийнхүү тодруулсан/ түүхэн хувь заяаны улмаас сахил санваараа буцаан өгч, төрийн хар хүн болсноосоо хойш Монголд бурхны шашныг дэлгэрүүлэхийн төлөө хүчин чармайлт тавьж байсан тухай мэдээ занги үнэндээ ховор байдаг. Зүүн гарын хаан ор суугаад байсан ах Сэнгэ нь 1671 онд ордны хуйвалдаанаар алагдаж, үүний улмаас Галдан Түвд орноос дуудагдан, төрж өссөн Ойрад нутагтаа очсон ба ахынхаа оронд Зүүн гар Улсын хааны суурийг залгахаар шийдмэгц далай лам Ванчинбогдод шашны сахил санваар, цол мяндагаа буцаан өгсөн явдал чухам ямар шалтгаантай болох тухайд манайхан ер эрэгцүүлэлгүй явсаар ирсэн байдаг. Тухайн үед Монголд дотоодын зарим ноёд ихсийн болон түвд, манж зэрэг гаднын улсын улс төрийн бодлогын нөлөөн доор ламын шашныг дэлгэрүүлэх бодлого далайцтай явагдаж байсан тул Галдан шашны мяндаг цолоо буцааж, “шар шувтлах”-гүйгээр, Зүүн гарын хаан болж, төр шашныг хослон барих боломж нь чөлөөтэй, энэ хувилбараар түвд, манжийн зүгээс дэмжлэг хүлээх нь ойлгомжтой хэрэг байсан. Гэвч юуны учир шашны сахил хийгээд цол мяндагаа хүлээлгэн өгөх болов гэдгийг эрэгцүүлбээс зохилтой.
Тэрчлэн Түвдийн далай ламаас 1679 онд Галдан хаанд “Бошигт” цолыг шагнасан нь үнэн ч гэлээ, үүнийг Галдан хааны өөрийнх нь хүсэл зориг байсан гэж үзэх боломжгүй юм. Харин Монголын нөлөө бүхий том хааны сүр хүчийг ашиглаж, өөрийн шашнаа дэлгэрүүлэхийг хичээсэн шашны тэргүүний бодлого л харагдаж байна гэж болмоор. Тэгээд ч Манж Чин улсын хувьд Монголд явуулах бодлогодоо ламын шашныг хэрхэн ашиглаж байгааг нь төрөлхийн хурц ухаантай, улс төрийн бодлогод сайтар боловсорч, хал үзэж, халуун чулуу долоосон Галдан хаан анзаараагүй гэхэд итгэмээргүй санагддаг. Энэ үүднээс бол 1679 онд Түвдийн шашны тэргүүнээс улс төрийн зорилгоор, өөрийн улс болон шашны зүгээс Монголд явуулах бодлогынхоо улмаас шагнал болгож олгосон “Бошигт” цолыг бид өнөөдөр Галдан хааны өөрийнх нь заяамал нэр мэт ойлголт төрүүлэхүйцээр “Галданбошигт” хаан хэмээн нэрийдэж, түмэн олон хийгээд хойч үед сурталчилж, хоногшуулан хэвшүүлэх, мөнхүү Галдан хааныг “шашны зүтгэлтэн” гэж тодотгох, тэр мэт агуулгыг товойлгон сурталчлах зэргийг эргэн харж, тунгаах нь чухаг “ гэсэн санааг (“Монголын шилдэг нийтлэл 86” – “Харах орон зай I” боть номонд буй нийтлэлээс) дэвшүүлж байгаа юм. Лавшруулан тодолбол өнөө бид Галданбошигт Хаан хэмээн дуудахаас зайлсхийж, өөрийн заяат нэрээр нь Галдан Хаан гэж дуудбаас зохистой гэх санаа юм. Яагаад гэвэл харь гүрний шашны тэргүүний соёрхсон “Бошигт” хэмээх энэ цол нь Галдан Хааны хийгээд Ойрад Монголын язгуур эрх ашиг, төрийн үйлийнх нь дотоод бодлогыг сайшаан дэмжих үүднээс өгөөгүй нь магад, энэ хэрээр гавъяаг өргөмжлөх гэхээсээ илүү гай дагуулах далд бодлого шингээсэн гэхийг үгүйсгэмгүйн учирт юм.
Ер аливаа уран бүтээлд бодит түүх хийгээд уран зохиолын ялгаа зааг байх нь түгээмэл үзэгдэл хэдий ч энэ тухайд аль аль талаасаа судлал шүүмж сэлтийг өрнүүлж, үзэлт тунгаалтыг уралдуулан хэлэлцэх нь соёл, уран бүтээлийн талбар дахь нэгэн зам мөр болой. Энэ үүднээс дэвшүүлж буй дээрх санааг алсдаа болгоон тунгааж, бодол оюундаа суулгахад гарз үгүй мэт санагдана.
Одоо эдгээрийг хойш тавин тайзнаа тоглогдсон уг жүжгийн дүр оноолтыг сонирхуулбал 2014 онд “Галдан бошигт” хаан жүжгийг тайзанд анх тавихад гол дүр Галдан хаанд дуучин Б.Цэнд-Аюуш, Ану хатны дүрд дуучин Б.Мэндээ, Галдан хааны ээж Юм Агас хатны дүрд гавьяат жүжигчин Д.Болормаа, Анударъяа хатанд С.Ариунжаргал, өндөр гэгээн Занабазарын дүрд Д.Нямбаяр, номын гэгээн багшид Б.Даваажаргал, Данжило баатарт Т.Идэрмөнх, Үржинжав жанжинд Д.Төгөлдөр, Цэвээнравданд С.Хадхүү, Чахундоржид Б.Цогтсайхан, Занадарь хатанд Б.Тунгалаг, Энх-Амгалан хаанд жүжигчин Б.Бямбасүрэн, Цөхүр Увшид Б.Хүрэлсүх, Авдрахман ноёнд Х.Ганзориг нар тоглосон байдаг.
Тэгвэл энэ удаагийн хоёр дахь тавилтанд найруулагчаар Б.Отгонхишиг ажиллаж, Галдан хаанд мөн дуучин, жүжигчин Б.Цэнд-Аюуш, Ану хатны дүрд дуучин Н.Нарантунгалаг, Галдан хааны ээж Юм агас хатанд С.Лхамхүү, Өрлөг ээжийн дүрд Б.Хишигтогтох, Б.Тунгалаг нар, Занадарь хатны дүрд Б.Мэндээ. Гаагад Б.Одгэрэл, Анударъяа хатанд С.Алтансүх, Зая гэгээнд Т.Жавхланням, Занабазарт Б.Даваажаргал, Данжило баатарт Д.Сандуй, Үржинжав жанжинд Т.Амартайван, Чахуундоржид Б.Батхишиг, Цөхүр Увшид Б.Хүрэлсүх, Галдангийн элчид М.Түвшинцэнгэл, Цэвээнравданд С.Хадхүү, Энх-Амгалан хаанд С.Алтансүх, Авдрахман ноёнд Х.Ганзориг нар тоглосон юм.
Энэхүү жүжиг нь тайзны урлагийн талаас хийгээд жүжиглэх уран чадварын хувьд үзэгч олны сэтгэлд хүрч, талархалыг хүлээсэн уран бүтээл болсныг дахин дурьдаад, оролцсон хамтран ажилласан бүх уран бүтээлчдэд цаашдын амжилтыг ерөөх нь зүй билээ.
Г.ТӨРМӨНХ