Ховд аймагт хэрэгжиж буй Эрүүл мэндийн АШТҮ-г сайжруулах нь төслийн хүрээнд
Судалгаанаас үзэхэд ихэнх хүмүүсийн хувьд Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд иргэдэд чухам ямар үйлчилгээ үзүүлдэг талаар мэдээлэл хомс, өвдсөн үед л тэнд очих шаардлагатай болдог гэсэн ойлголт давамгай байдаг нь харагдаж байна. Тухайлбал НЭХБ төслийн шугамаар 2019 онд Ховд аймгийн Жаргалан, Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төв, мөн Үенч сумын ЭМТ, Мөст сумын сум дундын эмнэлэгээр үйлчлүүлэгчдийн дунд хийгдсэн үнэлгээний асуумжинд оролцсон иргэдийн 70 гаруй хувь нь /72.5%/ өвдсөн тохиолдолд л өрхийн болон сумын эмнэлэгт очдог гэж хариулжээ.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний гол зүйл зорилго нь хүмүүс ажиггүй явж байгаад нэгэнт өвдсөнийхөө дараа эмнэлэг барааддаг байдлаас ангижирч, өвчлөхгүй байхын тулд ямар зан үйл, дадалд суралцаж, хэвшүүлэх, эрүүл мэндээ хамгаалахын тулд юу, юуг сайтар мэдэж байх ёстой зэргийг юуны өмнө иргэдэд ойлгуулж мэдүүлэх явдал гэдгийг эмч мэргэжилтнүүд чухалчилдаг.
Анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагаас явуулж буй энэ чиглэлийн /хүмүүст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, арга зүйд сургах/ ажлуудын үр дүн сайжирвал, өвчлөлт багасахаас гадна нэгэнт өвдсөн үедээ очиж эмчлүүлж буй эмчилгээний зардлыг тодорхой хэмжээгээр хэмнэж, амьдралын ачааг хөнгөлөх, бэрхшээлийг багасгах ач холбогдолтой.
Тэгтэл өнөөгийн нөхцөлд өрхийн болон сумын эмнэлгийн тухайн зориулалтын буюу нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаанд зориулагдсан төсөв нь асар бага, жилийн туршид ойролцоогоор 2.0-3.0 сая төгрөг төдий байхаар төсөвлөж баталдаг, олон нийт рүү чиглэгдсэн мэдээлэл, сурталчилгааны ажлууд явуулах боломж нь тун хомс байдгаас бахь байдгаараа байсаар байгаа нь дэгс биш.
Асуумж судалгаанд оролцогчдын дийлэнх нь өрх, сумын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлдэг үйлчилгээний талаарх мэдээллийг найз нөхөд болон гэр бүлийн гишүүнээс /43,5 хувь/, эсвэл эмнэлгийн ажилтнаас /38.3%/ хувь нь олж мэддэг гэсэн ба Олон нийтийн мэдээллийн сувгуудаас авдаг гэж тун цөөхөн хүн хариулсан нь /22,5 хувь/ дээрхийг гэрчилж байгаа юм.
Иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл мэдлэгтэй, зөв дадал хэвшилтэй болгох ажлыг эрчимжүүлэхийн тулд хэрхэн, ямар шийдлийг олох ёстой вэ гэдэг асуудал та бидний өмнө чухлаар тавигдаж байна гэсэн үг.
"Ховд аймгийн ЭМАШТҮ-г сайжруулах нь" төслийн мэдээлэл харилцааны баг
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ТУЛГАРСААР БУЙ БЭРХШЭЭЛИЙГ ГЭТЛЭХИЙН ТУЛД
Ховд аймагт хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагууд болох Өрхийн болон Сумын эмнэлгээс үйлчилгээ авахад иргэдэд зонхилон тохиолддог хэд хэдэн бэрхшээл байдаг нь нэгдүгээрт: иргэн тусламж авахаар хандахад тэр иргэнд шаардлагатай байгаа тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж тухайн эрүүл мэндийн байгууллагад байхгүй байх нь элбэг /хэрэгцээт эм тариа, эмчилгээ шинжилгээ гэх мэт/, хоёрт: үйлчлүүлэгчид олноороо цуваа үүсгэн хүлээх нь байнгын үзэгдэл учир, үйлчилгээ авахын тулд удаан хүлээх хэрэгтэй болдог, мөн эмч, эмнэлгийн ажилтнууд тааламжгүй аашлах нь элбэг байдаг гэсэн үзүүлэлтүүд асуумжаар хамгийн их давтагдсан байна. Тодруулбал асуумжид оролцогчдын 21,7 хувь нь шаардлагатай эмчилгээ байдаггүй, мөн 20,0 хувь нь удаан хүлээлгэдэг, тэрчилэн 20,8 хувь нь эмч, эмнэлгийн ажилтнууд зохисгүй аашлах нь их байдаг гэсэн байна.
Эдгээрт юу нөлөөлж байгааг эрүүл мэндийн салбарынхнаас тодруулан судалж үзвэл анхан шатны байгууллагууд зарим төрлийн төхөөрөмж хэрэгслээ ашиглах чадамж тааруухан, зарим багаж хэрэгсэл дутагдалтай, эмч мэргэжилтний хүртээмж муу, ихэнхдээ стандартад заагдсанаас цөөн тооны эмч мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, бас өрх, сумын эмнэлэгт ажиллаж буй залуу эмч нар энэ чиглэлээрээ мэргэшиж, тогтвор суурьшилтай ажиллах сонирхол бага, өөр эмнэлэг, ЭМБ-руу шилжихийг эрхэмлэдэг, төсөв хүрэлцдэггүйн улмаас эм эмнэлгийн хэрэгслийн хангалт нөөц дутагдалтай байдаг, эмч мэргэжилтнүүдээ сургалтанд хамруулж, чадваржуулах боломж хомс зэрэг бэрхшээлүүдтэй холбоотой гэсэн байна.
Ийнхүү эрүүл мэндийн байгууллагаас шалтгаалан үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулж буй зүйлсийг арилгахад тухайн эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чармайлт нэн чухал гэж төслийнхөн үзэж байгаа юм. Үүний тулд бүх асуудлыг төлөвлөлтөөс эхлэх хэрэгтэй бөгөөд дээр үгүүлэгдсэн төхөөрөмж хэрэгсэл, боловсон хүчний хангамж, тэднийг сургаж бэлтгэх зэрэгт ахиц дэвшил гаргахын төлөөнөө олон талынхны оролцоог хангасан хэлэлцүүлэг явуулах замаар бодитой төлөвлөлт хийж, мөн ард иргэд, үйлчлүүлэгчдийнхээ дуу хоолойтой хоршин, асуудлыг сонсгож, шийдвэр гаргагчдад ойлгуулах, улмаар асуудлыг дор бүр нь шийдүүлэх явдыг чухалчихлэх хэрэгтэй болно.
Төслийн хүрээнд уг төсөлд хамрагдсан ЭМАШТҮБ-ууд нь үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн, үйл ажиллагаагаа шинэтгэх төлөвлөгөө боловсруулж ажиллах, мөн иргэдийн зөвлөл, олон талын оролцоот зөвлөл байгуулж ажиллах санаачлага алхамууд хийгдэж байгаа. Цаашид эдгээр ажлынхаа хүрээнд асуудлыг судалгаанд тулгуурлан, оновчтой, бодитой төлөвлөж хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх нь бэрхшээлийг гэтлэх нэг гарц гэж харж байгаа юм.
"Ховд аймгийн ЭМАШТҮ-г сайжруулах нь" төслийн мэдээлэл харилцааны баг